MSports logo
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН 20 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙНХЭЭ ХОЁРДУГААР БАЙРТ БИЧИГДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 9

  • МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН 20 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙНХЭЭ ХОЁРДУГААР БАЙРТ БИЧИГДЛЭЭ

    20 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсэгт хүч үзсэн Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг дөрвөн оноотой хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдлээ. Манай шигшээ баг эхний тоглолтоо Малайзын эсрэг хийж 1-1-ээр тэнцэж, хоёр дахь тоглолтондоо БНСУ-ын багт 7:0-ээр хожигдсон бол ням гарагт Шри Ланкын багийг 6:0-ийн харьцаатайгаар буулган авлаа. БНСУ-ын баг Малайзыг 6:2-оор хожсоны дараа манай шигшээ Шри Ланкын багийг зургаа ба түүнээс дээш гоолын зөрүүгээр хожих даалгавартай болоод байсан.  Манай залуус ням гарагийн тоглолтын эхнээс шуургалсан довтолгоонуудыг өрнүүлж нэгдүгээр үед З.Тэмүүлэн, Г.Буяннэмэх, Э.Ган-Эрдэнэ нар гоол оруулж, талбайн эзэд 3:0-ээр тэргүүлж эхлэсэн юм.  Шийдвэрлэх үеийн 60' дахь минутад А.Содмөнх гоол оруулж, тоог 4:0 болгосон ч удаах гоолууд шүүгчийн мэдлийн цаг хүртэл хүлээлгэсэн юм.  Тодруулбал 90+1 дээр У.Тэмүлэн, 90+3 дахь минутад З.Лхагва гоол оруулж Монголын шигшээ баг, шигшээ багийн хөгжөөг дэмжигчид, шигшээ багийн төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хэн бүхэн хүссэн үр дүнгээ авлаа. Ийнхүү Монголын 20  хүртэлх насны шигшээ баг өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийж хэсэгтээ хоёрдугаар байрт орж чадлаа. Хэсгийн арван ялагч, хоёрдугаар байрт шалгарсан таван шилдэг оролцогч финалын тэмцээнд оролцох эрх авч, Узбекистаныг зорих учиртай учраас манай баг хэсгээс хоёроор шалгарч, шилдэг арван таван багийн нэгээр сонгогдоход тун ойрхон байлаа. Гэсэн хэдий ч түүхэндээ анх удаа U20 насны шигшээ баг урьдчилсан шатнаас хоёроор шалгарсан нь өөрөө том амжилт болон тэмдэглэглдээ.

    Дашрамд сонирхуулахад, манай улсын 20 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид өнгөрсөн оны 12-р сараас эхлэн академид хамрагдан, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн юм. Бусад насны шигшээ багуудтай харьцуулахад олон сарын турш хамтдаа академийн хүрээнд бэлтгэл хийж байсны үр дүн бие, биенээ мэдрэх, нэг баг болох давуу талууд 20 хүртэлх насны шигшээ багаас харагдаж байсан гэж хэлж болно.