Нийслэлийн Биеийн Тамир Спортын газар Монголын спортын шийдэл ХХК-тай хамтран Улаанбаатар КАП тэмцээнийг шинэчилсэн системээр Нийслэлийн 9 дүүргийн хувийн болон төрийн өмчийн сургуулиуд, лицэй сургуулиудын 900 гаруй баг, 15,000 гаруй хүүхдүүдийн дунд сагсан бөмбөг, волейболын лигийн тэмцээнийг 2025.11.15-аас эхлүүллээ.
Энэ жилийн тэмцээний онцлог нь Ахлах ангийн сурагч нар 2025.11.15-2026.05.02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд тасралтгүй Дүүргийн аварга, Нийслэлийн аваргын тэмцээнүүдэд өрсөлдөнө.
Бага дунд ангийн сурагч нар Дүүргийн аваргын тэмцээн 10-14 хоног, Нийслэлийн аваргын тэмцээн 14-21 хоног үргэлжлэн явагдана. Ингэхдээ хүүхдүүд өдөрт 1 тоглох, үндсэн 4 үеийн сагсан бөмбөг, волейболыг 3-5 сет өрсөлдөнө.
Энэ жилийн Ахлах ангиллын шилдэг-32 баг ирэх жил Улаанбаатар хотын 1-р дивизон болж лигийн зарчимд шилжиж, ирэх жил буюу 2026-2027 оны хичээлийн жилд долоо хоног бүр тогтмол тоглолттой болохоор төлөвлөжээ. Ингэснээр систем сайтай, суурь сайтай, сайн дасгалжуулагч нартай баг Улаанбаатар хотын шилдэг 32 багт багтаж бүтэн лигийн зарчмаар өрсөлдөж, үлдсэн сургуулиуд эрх авч 1-р дивизонд дэвших байдлаар үе шаттай хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.







