Эмэгтэйчүүдийн FIVB Volleyball Nations League 2026 тэмцээний эхний долоо хоног өндөрлөж, дэлхийн шилдэг багууд улирлын эхний сорилтоо амжилттай давлаа. Энэ жилийн тэмцээн зургаадугаар сарын 3-наас эхэлсэн бөгөөд 18 үндэсний шигшээ баг гурван өөр хотод өрсөлдөн эхний дөрвөн тоглолтоо хийв. Эхний тойргийн гол үйл явдал нь Бразил тэргүүлсэн явдал биш, харин Япон дахин дэлхийн аваргын түвшний өрсөлдөгч болсноо харуулсан явдал байлаа. Дөрвөн тоглолт, дөрвөн ялалт. Франц, Украин, Канад, Германы эсрэг тоглолтуудад япончууд хурд, хамгаалалт, алдаа багатай тоглолтоороо өрсөлдөгчдөө шахаж чадсан юм. Европын өндөр нуруутай багуудын эсрэг ч тэдний тоглолтын хэмнэл эвдэрсэнгүй. Японы шигшээ баг өнөөдөр талбайн эзэн хүчирхэг Канадын шигшээ багийг 3:2-ийн харьцаатайгаар буулган авсан бөгөөд тус тоглолтод багийн лидер Вада 23 оноо, довтолгоогоор 20 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 2 оноо авсан бол багийн ахлагч Ишикава мөн 23 оноо, довтолгоогоор 22 оноо, давуулалтаар 1 оноо авч багаа тэргүүллээ.
VNL 2026: Эхний тойрогт Японы төгс эхлэл, Бразилын хүчирхэг мэдэгдэл
6 сарын 8
Нөгөө талд Бразил аваргын төлөөх хамгийн том фаворит хэвээр байгаагаа баталлаа. Ялангуяа олимп, дэлхийн аварга Италийг 3:2-оор буулган авсан тоглолт эхний долоо хоногийн оргил тулаан байв. Тус тоглолтод Бразилын шигшээ багаас багийн лидер Ана Кристина 22 оноо, довтолгоогоор 20 оноо, давуулалтаар 2 оноо авч багаа тэргүүллээ. Хоёр шилдэг багийн өрсөлдөөнөөс харахад Бразилын туршлага, шийдвэрлэх мөчийн тоглолт арай илүү байлаа.
Италийн хувьд нэг хожигдол авсан ч сандарч болох нөхцөл биш. Харин ч Бразилтай таван сетийн тоглолт үзүүлсэн нь тэдний хүч ямар өндөр байгааг харуулсан үзүүлэлт болсон. VNL-ийн урт улиралд Итали аваргын төлөөх хамгийн аюултай багуудын нэг хэвээр үлдэж байна.
Эхний тойргийн дараах байдлаар дүр зураг тодорхой болж эхэллээ. Бразил хүч чадал, туршлагаар, Япон хурд, зохион байгуулалтаар, Итали довтолгооны өргөн сонголтоор бусдаас ялгарч байна. Хэрэв энэ хэмнэл хадгалагдвал 2026 оны VNL-ийн аваргын төлөөх тулаан эдгээр гурван багийн хооронд өрнөх магадлал хамгийн өндөр харагдаж байна.





