MSports logo
Ганвон-2024 залуучуудын өвлийн олимпод Монголын 12 тамирчин оролцоно
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 2

  • Ганвон-2024 залуучуудын өвлийн олимпод Монголын 12 тамирчин оролцоно

    БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхэлнэ. 12 хоног үргэлжлэх тус олимпод 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулахаас манай улсыг төлөөлж 12 тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрхээ уралдах юм. Тэд эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км-ээс гадна 4х3.3 км-ын холимог буухиад өрсөлдөнө. Цаначдаас А.Хүслэн Өмнөд Солонгост, харин бусад нь дасгалжуулагч Д.Баттулга удирдлага дор Монголд бэлтгэлээ базааж байгаа аж. Эх орондоо бэлтгэлээ базааж буй цаначид энэ сарын 5-нд БНСУ-ыг зорих гэнэ.

    Ганвон-2024 залуучуудын өвлийн олимпод Монголын 12 тамирчин оролцоно

    Мөн уулын цанын жиант слалом болон слаломд М.Манлайжав, Х.Халиун эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Ингэснээр Монголын уулын цаначид анх удаа өвлийн олимпод уралдахаар болжээ.  Биатлончдоос Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нар Ганвоны цасан замд хурд сорьж, цэц мэргэнээ шалгахаар болсон бөгөөд тэд өдгөөр Германы Арберт олимпын бэлтгэлээ базааж байна. Тэд энэ сарын 14-нд Ганвонд очих бөгөөд энэ сарын 20-нд “Alpensia” эхний уралдаандаа оролцоно. Ганвоны цасан замд уралдах эрх авсан тамирчид нь Төв, Архангай, Булган, Дархан-Уул аймгийн залуучууд байгаа юм. Залуучуудын өвлийн олимпод оролцох Монголын тамирчид спортын “Келме” брэндийн иж бүрэн хувцас өмсөх юм.