Герман улсын Зуль хотод буудлага спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол улсын тамирчид амжилттай өрсөлдөж гурван медальтай эх орондоо ирлээ.
Монгол улсын буудлагын тамирчид ДАШТ-ээс гурван медаль хүртлээ
6 сарын 29
Дэлхийн 50 гаруй улсын 800 гаруй тамирчид оролцсон энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлж улсаас Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад есөн мэргэн бууч оролцлоо.
Тэднээс 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн энэ дасгалд А.Ариунзаяа, А.Эгшиглэн, П.Нарансолонго нар багийн дүнгээр алтан медаль мөн 25 метрийн стандарт гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд П.Нарансолонго, А.Эгшиглэн, Э.Халиун нар багийн нийлбэрээр хүрэл медалийн эзэд болжээ.


Энэ удаагийн тэмцээнд 23 орны мэргэн буучид ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд Энэтхэгийн мэргэн буучид долоон алт, найман мөнгө, есөн хүрэл медальтайгаар багийн дүнгээр медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол ОХУ, Итали удааллаа.





