Сагсан бөмбөгийн 3х3 төрөл олимпын төрлөөр анх 2021 оны Токиогийн наадамд багтсан. Парис 2024 олимпын наадмын үеэр болох 3x3 сагсан бөмбөгийн төрөлд олимпын эрх олгох гурван тэмцээний хоёрыг зохион байгуулах хотуудыг албан ёсоор зарлалаа. Японы Уцуномия хотод олимпын эрх олгох урьдчилсан шатна тэмцээн 5-р сарын 3-5-ны хооронд болох бол Унгарын Дебрецен хотноо 5-р сарын 23-26-ны хооронд удаахи эрхийн тэмцээн болно. Эдгээр тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг багууд Парис 2024 Олимпын наадамд хүсэн хүлээсэн байруудын төлөө өрсөлдөх болно.
Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох урьдчилсан шатны тэмцээнийг зохион байгуулагч хотуудыг зарлалаа
12 сарын 1
FIBA 3x3-ийн ерөнхий захирал Алекс Санчес хэлэхдээ "Уцуномия, Дебрецен хотууд 3х3 тэмцээнийг зохион байгуулж ирсэн урт түүхтэй. Спортод үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Уцуномия хотын дарга Сато, мөн Дебрецен болон Унгарын сагсан бөмбөгийн холбоонд талархал илэрхийлье. Тэдний байнгын дэмжлэгийн төлөө талархаж байна.” гэв. Харин Унгарын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Питер Боднар "Олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулах нь үргэлж нэр төрийн хэрэг юм. Унгарын хувьд бас нэгэн том спортын дипломат амжилт юм. FIBA-гийн шийдвэр нь 3х3 төрөлд бидний үйл ажиллагаа, Дебрецений зохион байгуулах өндөр туршлагыг хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж бид харж байна" гэжээ.
Хүсэн хүлээгдэж буй 3х3 олимпын төрөл 2024 оны 7-р сарын 30-аас 8-р сарын 5-ны хооронд Парисын төв дэх алдарт Плас де ла Конкордт болно. Grand Palais, Champs-Elysées, Louvre зэрэг дурсгалт газруудын ойролцоо байрлах энэхүү түүхэн байршил нь эрчимтэй хөгжиж буй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад тохиромжтой орчин болж, наадмын үеэр 3х3-ын динамик уур амьсгалын гол төв байх болно. Латвийн эрэгтэй баг, АНУ-ын эмэгтэй баг Токио 2020 тэмцээний 3х3 сагсан бөмбөгийн анхны алтан медалийг хүртэж байсан билээ. Мөн Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрөлд буюу 3х3 төрөлд эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпын наадамд оролцож байв.