MSports logo
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 19

  • Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ

    Хорват улсын Загреб хотноо "Загреб-2025” Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монгол улсаас бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу эрэгтэй 10 жинд 10 тамирчин, эмэгтэй 10 жинд 10 тамирчин тус бүр хурд хүч, авахаалж самбаа, эр зориг, ур ухаанаа сорин оролцлоо.

    Нийт 20 тамирчнаас манай улсаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар нийт 100 улсаас есдүгээр байрт жагслаа.

    Тодруулбал Монгол улсын шигшээ багийн анхны Медалийн салхийг МУГТ Т.Тулга хагаллаа. Эрэгтэйчүүдийн 70 кг-д Төмөр-Очирын Тулга эхний барилдаандаа Молдавын Дикон Василег 2:0 оноогоор, дараа нь Болгарын Георгиев Илиевийг даралтаар цэвэр ялж, шигшээ наймд хүрсэн. Улмаар Гүржийн бөх, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Акаки Кемертелидзег 11:0 оноогоор цэвэр ялж, хагас шигшээд шалгарав. Хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановыг мөн ялж, медалиа баталгаажуулсан юм. Финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга Дэлхийн дэвжээний хос медальтан болж байна.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ

    Тэмцээний хоёр дахь медалийг 59 кг-ын жинд зодоглосон ОУХ Тогтохын Алтжин хүртлээ. Тэрбээр шигшээ наймд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Германы Елена Брюггертэй хүч сорин 9:3 харьцаатай онооны дутуу байхдаа даралтаар учраа бөхөө буулган авч, хагас шигшээд хүрсэн. Хагас шигшээд Японы бөх, энэ оны Ази тивийн аварга, U20 насны дэлхийн хошой аварга Сакура Онишид даралтаар ялагдан хүрэл медалийн төлөө барилахаар болов. Улмаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европ тивийн аварга Анастасия Сиделниковаг хүнд барилдааны эцэст 6:4-өөр хожиж, хүрэл медаль хүртсэнээр дэлхийд нэрээ данслуулсан юм.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ

    ДАШТ-ий гурав дахь медалийг 65 кг-д зодоглсон Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүртлээ. Тэрбээр Пан-Америкийн АШТ-ий хүрэлтэй Чилийн Виржиниа Хименезийг үндсэн цаг дуусахаас нэг минутын өмнө 10:0 оноогоор буулган авч, шигшээ наймд, Энэтхэгийн Вайшнави Патилтай хүч сорихдоо шийдвэрлэх хагасын эхэнд даралтаар буулган авч, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын Алина Касабиевтай хүч сорисон хариуцлагатай барилдаан брилдаанд манай бөх 13:3 оноогоор ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килтитэй барилдлаа. Тун тэнцүүхэн өрнөсөн барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийг энгэртээ зүүсэн юм.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ

    Тэмцээний дөрөв дэх медалийг Дэлхийн бөх МУГТ Пүрэвдоржийн Орхон хүртлээ. ДАШТ-ий 62 кг-д зодоглосон дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт гоц мөргөсөн. Дараа нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Беларус бөх Вераника Ивановаг эхний хагаст 10:0 оноогоор илүүрхэн ялж, шигшээ наймд, АНУ-ын бөх Адауго Нвачуквуг 5:2 оноогоор буулган авч хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд Парисын олимпын шинэхэн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы бөх Сакура Мотокитой барилдан, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Африк тивийн гурван удаагийн аварга, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволиг хүнд барилдааны эцэст 6:5-аар буулгаж аван ДАШТ-ий хос медальтан болж, нэрээ дуурсгаж байна.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ

    Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шигшээ баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр тэмцээний 9-р байрт эрэмбэлэгдэж байна. Чөлөөт бөхийн ДАШТ түүхэндээ 7 алт, 29 мөнгө, 47 хүрэл медаль хүртэж, 83 дахь медалиа Хорватын Загреб хотоос өвөртлөн ирэх нь ээ.