MSports logo
Тэнүүн Өлзий Металл баг Бишрэлт групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж Үндэсний дээд лигт Бишрэлт Металл нэрийн дор өрсөлдөхөөр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 17

  • Тэнүүн Өлзий Металл баг Бишрэлт групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж Үндэсний дээд лигт Бишрэлт Металл нэрийн дор өрсөлдөхөөр боллоо

    Байгуулагдаад найман жилийн нүүрийг үзэж буй Тэнүүн Өлзий Металл баг Бишрэлт групптэй хамтарч ажиллах болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан. Өчигдөр буюу 11-р сарын 16-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүлээн авалтад Бишрэлт групп болон Тэнүүн Өлзий ХХК-ны удирдлагууд, Металл багийн тамирчид, арын албаныхан оролцож тамирчид удирдлагуудын халуун дулаан уур амьсгал дунд өрнөлөө.

    ОУХМ Д.Дэлгэрнямаар ахлуулсан Металл баг 2019 онд “Sprite-A лиг”-т аварга, 2019 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, 2020 оны “Насанд хүрэгчдийн УАШТ-д мөнгөн медаль хүртсэн ба Үндэсний дээд лигт элсэн орсны дараа 2022-2023 оны улиралд шигшээ тоглолтод шалгаран мөнгөн медаль хүртсэн билээ. 

    Бишрэлт группийн ТУЗ-ын дарга А.Ариунболд “Хамтын ажиллагааны хамгийн гол зүйл бол урт хугацаандаа итгэлцэл байдаг. Хамтран түншилж байгаа хүмүүсийн зөв сэтгэл, зөв зарчим, зөв үйл ажиллагаа их чухал байдаг. Миний хувьд энэ бүх зүйл Тэнүүн Өлзийд байна гэж харж байгаа. Манай тамирчдын хувьд сайн гэсэн тодотголтой, их зөв тамирчид, хүүхдүүд байна гэж харж байгаа. Бишрэлт групп та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байгаа бөгөөд монголын сагсанбөмбөгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, цаашлаад өмнөх жилийн амжилтаа ахиулж аварга авахын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн Металл багийн тамирчид болон нийт хамтран ажиллаж буй эрхмүүдэд хандан хэллээ. 

    Тэнүүн Өлзий ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Буян-Өлзий “Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон тамирчдыг бэлтгэх үйл ажилд Бишрэлт Групп оролцож байгаад би болоод багийн нийт хамт талархаж байна. Манай багийн хүүхдүүд 10 жилээсээ нэгдэж сууриасаа хамтдаа тоглож байгаа учир өдий зэрэгтэй явж байна гэж харж байна. Аварга авна гэдэг амаргүй гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийж, зөв системээр тоглож чадвал болохгүй гэх газаргүй тул бүгдэд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсаны дараагаар хамтын ажиллагааны гэрээндээ гарын үсэг зурцгаалаа.