1990 оны 06 сарын 10-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод айлын отгон хүү болон мэндэлсэн. Ам бүл гурвуулаа. Эхнэр, хөөрхөн хүүгийн хамтаар амьдардаг. Хүүхэд насны бүх сайхан дурсамжаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн.
Сагсан Бөмбөгийн спортод бүр жоохон байхаасаа л сонирхолтой байсан. Ах, эгч хоёроосоо их үлгэр дуурайлал авдаг байсан болохоор ахынхаа хэрхэн тоглохыг хараад түүнийг дуурайн тоглодог байсан. Хичээллэж эхэлсэн нь 6-р ангиасаа буюу 14 настайгаасаа.
"Мөлхөө жаал", "Гэртээ ганцаараа", "Ногоон бүс", "Аватар" зэрэг кинонд маш их дуртай. Сонирхдог төрөл нь уран зөгнөлт, адал явдалт, инээдмийн кино.
Амралтын өдрүүдээр хүүхдүүдэд Сагсан Бөмбөгийн сургалт ордог. Чөлөөт цаг гарвал эхнэр хүүхэдтэйгээ дурсамжтай сайхан зүйл хийхийг юунаас ч илүүд үздэг.
Гаргасан амжилтууд гэвэл 2007 оны Хүүхдийн Спортын 3-р Их наадмын Аварга, 2012 оны Бүх Ард Түмний Спартакиадын аварга /Танан Гарьд/, 2011онд Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигийн аварга /Танан Гарьд/, 2015 онд Насанд хүрэгчдийн Улсын аварга /Nice Мазаалай/, 2019 оны Дээд лигийн дэд байр /Хасын Хүлгүүд/ Багшийн хувиар ирээдүйд өнгөлөх сайн тамирчдыг бэлдэн гаргахыг зорьдог.
Хамгийн их урам өгдөг хүн бол ОУХМ О.Сэргэлэн. Сагсан бөмбөгийн тамирчны хувьд мөн хувь хүн талаас нь ч тэр найзаасаа маш их нөлөөллийг авч түүнээс суралцдаг. Амьдрал дээр М.Амаржаргал багшаас эр хүн байх, үзэл бодолдоо үнэн ч тууштай байх зэрэг сайхан зан чанаруудыг харж үлгэрлэл авдаг.
Гэр бүлийн хүн маань надтай ижил Сагсан бөмбөгийн тамирчин Спортын мастер Солонго гэх бүсгүй байдаг. 2022 онд бид хүүгээ өлгийдөн авсан бөгөөд одоо ой гарсан дэггүй нөхөр бий. Хүүгээ төрөх үед эх орныхоо нэрийг гарган мундаг явж байгаа Шарваа-ын хүү Энхүүлээ дүүгийнхээ нэрээс санаа авч Бүхи-Од гэсэн нэрийг хайрласан. Яг л түүн шиг бүх зүйлд гялалзаж яваг гэсэн утгатай. Хүүгээ бас сагсан бөмбөгийн тамирчин болох байх гэж бодож байна. 🙂
Сагсан бөмбөгөөр хичээллэж, сонирхож буй дүү нартаа хандаж хэлэхэд өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй. Бусад хүн чадаж байхад би чадах л ёстой гэсэн үзлээр өөрийгөө бэлддэг байсан зарчим баримталдаг байсан тул үүнийг санаж явахад илүүдэхгүй байх.
Монгол орныхоо бүх сайхан газар очиж үзэхийг хүсдэг. Энэ зун гэр бүл, найзуудтайгаа Хөвсгөл далайд очсон. Хүүтэйгээ анх удаа явсан болохоор хамгийн дурсамжтай сайхан аялал маань байсан.
Хамгийн мартдаггүй тоглолт нь 2019-2020 оны улиралд Хасын Хүлэгүүд багт тоглосон тухайн жилд ОУХМ Б.Билгүүн лигийн финалд баруун бугуйны бэртэлтэй солгой гараараа тоглож 18 оноо авахдаа 12 оноог нь 4-р үед авсан. Сэлгээний суудалд суун найзынхаа тэгж их зүтгэлтэй тоглохыг хараад маш их бахархаж байсан.