2004 онд Улаанбаатар хотод төрсөн.Ам бүл зургаа. Дээрээ 3 эгчтэй, айлын бага. Манай гэр бүлд спортын ямар ч хүн байхгүй. Надаас бусад нь эмэгтэйлэг хүмүүс байдаг. Багадаа ноцолдож, зодолдох дуртай хүүхэд байсан.
Анх жюү жицүгээр 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Жюү жицүд хамгийн их татагдсан зүйл нь хамт олны уур амьсгал байсан. Ямар ч тийм “toxic” муухай уур амьсгал байхгүй. Бүх юм нь халуун дулаан байсан учраас энэ спортод татагдаж, дурлахад хүргэсэн.
Тэмцээнүүдийн өмнө дуу их сонсдог. Сэтгэл санаагаа тайван байлгах гэж хичээдэг. Өөртөө итгэлтэй байхад маш их бэлддэг. Ялангуяа сүүлд Абу Дабид болсон дэлхийн аваргын өмнө өөртөө итгэлтэй байхад л маш их бэлдсэн. Хамгийн сонсох дуртай артист, дуучин рэппер бол “Logic. Миний сонсдог дуунуудын 80 хувь нь тэр хүнийх байдаг.
Хэрвээ эрэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж гарах байсан бол эмэгтэй хүний чаддаггүй, эрэгтэй хүний чаддаг бүх зүйлүүдийг туршиж үзэх байсан.
Амьтдад маш их хайртай. Ялангуяа муур, нохойнд хайртай. Мууранд хайртай, нохойнд бүр их хайртай. Нохой, муур “UNCONDITIONAL LOVE” хүртэх гэж төрсөн юм шиг л ариун цагаахан зүрх сэтгэлтэй санагддаг. Тийм болохоор маш их хайртай.
Ихэвчлэн элит тамирчдаас үлгэр дуурайлал авдаг.
Гаргасан амжилтуудын хувьд 2020, 2021, 2022 онуудад жюү жицүгийн улсын аварга болсон. 2022 онд Абу Дабид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалд мөнгөн медаль хүртсэн. Цаашдаа спортын карьераа хөөнө. Спорттойгоо хослуулан олон газар явж, юм үзэж нүд тайлъя гэж боддог. Өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг зорьж амьдарна даа.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг унших боломж гарвал уншихыг сонгохгүй. Яагаад гэвэл бодол бүрийг нь уншаад байвал надад ч хэцүү, тэр хүнд ч хэцүү байх. Ялангуяа надад хэцүү байна байх, тийм болохоор уншаад дэмий. Бүх хүний бодлыг уншдаг “Superpower”-тай байсан бол өөр, ганцхан хүний бодол гэвэл хэцүү.
Чөлөөт цаг гарвал телевизийн шоу нэвтрүүлгүүд үзэх дуртай. Бас цаг гарвал төгөлдөр хуурт шинэ ая тоглож сурах дуртай. Цаг гарвал хөгжим сонсох үнэхээрийн дуртай. Ихэнх чөлөөт цагаа дуу сонсож өнгөрөөдөг. Улирал нь таарвал чөлөөт цагаараа хүн хөдөлгөөнгүй, тайван чимээгүй газарт очиж сэтгэл санаагаа амраах их дуртай.
Ер нь тэмцээнд оролцох тийм ч дуртай биш. Яагаад гэвэл заавал түрүүлэхээс өөр сонголтгүй болдог учраас. Тэр дарамт, сэтгэл санааны зовнилоос болж бие хаа сульдаж, гэдэс өвдөж, жин хасаад байдаг талтай. Харин АНЭУ-д болсон энэ жилийн дэлхийн аваргад хоёр сарын турш бэлтгэл зориулж, тасралтгүй хийсэн. Өмнө нь тэмцээнд зориулж бэлтгэл хийж байгаагүйгээрээ удаан бэлдсэн. Дэлхийн аваргын өмнө сэтгэлзүй, барилдааны хэв маяг гээд өрсөлдөгчөө сайн судлаад, хоёр сарын турш тархиа програмчлаж ирсэн. Юу ч болсон хамаагүй гэж, тайван байлгаж ирснээрээ онцлогтой байсан. Мэдээж заавал түрүүлнэ гэж бодоод, төсөөлөлдөө өөрийгөө түрүүлж байгаагаар төсөөлж ирсэн. Гэхдээ аваргын төлөөх сүүлийн барилдаан дээр жаахан манараатай хайнга барилдчихсан. Хэтэрхий тайван байсан ч байж магадгүй, финалдсан юм чинь түрүүлчихнэ гэж бодсон байх талтай. Их юм бодохгүй ороод алдаа гаргасан. Дараа нь ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ. Гэхдээ намайг ямар ч үр дүнд хүрсэн надаар үргэлж бахархаж байгаа гэж гэрийнхэн маань хэлсэн. Эргэн тойрныхон маань надад итгэж байгаа гэдгээ хэлж, мэдрүүлж байсан болохоор дэлхийн аваргын үеэр надад санаа зовинол бага байсан. Миний эргэн тойрны хүмүүс надад итгэж байхад би яагаад өөртөө итгэхгүй байна гэж зөндөө их бодсон. Тэр бодол минь намайг байсан илүү тайван байсан шалтгаануудын нэг том шалтгаан нь. Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэний дараа эргэн тойрны хүмүүс, гэрийнхэн маань маш их баярласан, тийм ч учраас би ч бас баяртай байгаа.