MSports logo
Монголын Ширээний теннисийн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 14

  • Монголын Ширээний теннисийн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд эхэллээ

    Монголын ширээний теннисийн холбооноос зохион байгуулдаг Дээд лигийн 17 дахь улирлын хагас шигшээ тоглолтууд өчигдөр буюу 04-р сарын 13-ны өдөр "Оч" клуб-т эхэллээ.

    Нийт зургаан баг өрсөлдсөн энэ удаагийн лигийн тоглолтууд баг тус бүр хоёр тойрогт 10 тоглолт хийсэн ба эхний дөрвөн байраар шалгарсан багууд хагас шигшээ шатанд өрсөлдөж эхэллээ.

    Тэмцээний улирлын амжилтаар:

    1. Улаанбаатар Синема 8 хожил 2 хожигдол
    2. Итгэлт Санхүү Групп 7 хожил 3 хожигдол
    3. Төмөрт Өргөө 6 хожил 4 хожигдол
    4. Сүхбаатар аймаг Цайрт Минерал 5 хожил, 5 хожигдол
    5. Бласт 4 хожил 6 хожигдол
    6. Хаан Банк 0 хожил 10 хожигдол


    Ийнхүү Улаанбаатар Синема клубийн эсрэг Сүхбаатар аймаг Цайрт Минерал клуб, Төмөрт Өргөө клубийн эсрэг Сүхбаатар аймаг Цайрт Минерал клубтэй хагас шигшээ шатанд өрсөлдлөө.

    Хагас шигшээ шат нь түрүүлж 5 хожсон баг ялалтыг авах дүрэмтэй. 04-р сарын 13-ны 18:50 цагаас эхэлсэн хагас шигшээ шатны 1-р ширээн дээр улиралд хүснэгтийг тэргүүлсэн УБ Синема болон Сүхбаатар баймаг Цайрт Минерал клубүүдийн тоглолт ширүүхэн эхэллээ.

    Толголтын төгсгөлд 3-3 харьцаатай хоёр багийн тоглолт тэнцсэн байлаа. 7 дахь тоглолтод Цайрт Минерал клубийн дэд мастер А.Билгүүн, М.Манлайжаргалыг 3-0 харьцаатай хожиж тоглолтыг 4-3 болгон тэргүүлэв. Шийдвэрлэхүйц тоглолт Дэд Мастер У.Мөнхшүр, Спортын мастер Г.Сэлэнгэмөрөн нарын хооронд өрнөлөө. Цайрт Минерал клубийн тамирчин У.Мөнхшүр өрсөлдөгчдөө нэг ч боломж олголгүй 3 сет дараалан ялж, хагас шигшээгийн эхний хожлыг багтаа авчирахад том тус хүргэсэн байна. Ийнхүү цувралыг Цайрт Минерал клуб 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.

    Монголын Ширээний теннисийн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд эхэллээ

    Харин нөгөө талд улирлыг эцсийн мөчид тоглолт шийдэгдсэн гайхалтай цуврал болж өнгөрөв. Спортын мастер М.Тэмүүлэн тэргүүтэй Төмөрт Өргөө клуб, БНХАУ-ын чадварлаг тоглогчийг багтаа нэгтгэсэн Итгэлт Санхүү группүүдийн хооронд хагас шигшээн эхний тоглолт явагдлаа. Цуврал эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд өрнөж, 3-3 болон тэнцэхэд М.Тэмүүлэн Г.Сэр-Одыг 3-0 сетийн харьцаатай буулгаж аван цувралд 4-3-аар тэргүүлж эхлэхэд Б.Должинзуу Г.Индраг 3-1 сетийн харьцаатай буулган авч цувралд 4-4 болон тэнцэж шийдвэрлэх 9 дэхь тоглолтод шийдэгдэхээр боллоо. Тус тоглолтод Төмөрт Өргөө клубын тамирчин, Спортын Мастер З.Төрболд, Итгэлт Санхүү клубийн тамирчин, Спортын Мастер Т.Чинзориг нар багийнхаа эцсийн найдвар болон өрсөлдлөө. Тус тоглолтод хоёр тамирчин эцсийн мөч хүртэл ээлж дараалан сетүүдээ авсаар 2-2 харьцаатай тэнцэв. Шийдвэрлэх 5 дахь сетэд З.Төрболд туршлага заан 11-6-аар өрсөлдөгчөө буулган авч Төмөрт Өргөө клуб хагас шигшээ цувралын эхний хожлоо авч чадлаа.

    Монголын Ширээний теннисийн дээд лигийн хагас шигшээ тоглолтууд эхэллээ

    Ширээний теннисийн Дээд лигийн хагас шигшээ тоглолтын хоёр дахь тоглолтууд маргааш буюу 04-р сарын 15-ны 18:00 цагаас "Оч" клубт үргэлжлэн явагдана.