Улирал эхэлэхээс өмнө хүн бүр Наггетс болон Вулвс нарыг Өрнөд бүсиийн шилдэг дөрвөн багийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэж байсан ч бодит байдал дээр харамсалтай нь тийм байсангүй. Яг өнөөдрийн байдлаар Денвер 14-10 амжилттайгаар 5-т бичигдэж байгаа ч тэдний дээр яваа Даллас тэднээс даруй 3 хожлоор илүү 4-р байранд явж байгаа бол Тимбервулвс 14-11 гэсэн үзүүлэлттэйгээр бүр плейоффын байрлалаас гадуур буюу 7-т эрэмбэлэгдэж байна.
Хоёр жилийн өмнө л Аварга болж Денвер хотдоо анхны цомыг нь авч ирж байсан дэлхийн хамгийн шилдэг тоглогч Никола Йокичоор ахлуулсан Наггетсд юу болохгүй байна вэ? Тэдний аварга авдаг жилийн гарааны бүрэлдэхүүн цөм бүрэн байгаа ч сэлгээнээс асар их үүрэг гүйцэтгэж байсан Брюс Браун болон Кентавиус Калдвелл Поп нарыг алдсан билээ. Тэднийг орлох гэж шинээр гарч ирсэн Жулиус Страутер (9.0 оноо), Кристиан Браун (15.0 оноо), Пейтон Ватсон (9.2 оноо) гэх залуус нь төдийлөн хүлээлтэнд хүрч тоглож чадахгүй байгаатай холбоотой. Сэлгээний үүрэг ямар чухал вэ гэдгийн тод жишээ бол тэд.
Харин энэ өвлийг солилцооны цонхоор гарч буй хамгийн том шуум бол Чикаго Буллсын солихыг хамгийн ихээр хүсэж буй Зак Лавин юм. Лавин ч энэ багт Йокичийг суух үед явахаа байдаг оноог явуулах хангалттай чадамжтай довтолгооны чиглэлийн тоглогч билээ. Тэрээр энэ улирал Буллсын өмсгөлтэй нийт 24 тоглолтод оролцож 33.3 минутад 50.5%-ийн гүйцэтгэлтэйгээр 22.2 оноо, 4.5 дамжуулалт, 4.2 самбар дундажлаж байна. Хамгийн чухал нь Наггетс багаараа амжилттай нэг тоглолтод дунджаар 30.5 удаа гурваас шидэх оролдлого хийж байгаагаараа Лигийн хамгийн сүүлд яваа бөгөөд Лавин шиг оновчтой их шиддэг (43.5%) тоглогч тэдэнд зайлшгүй хэрэгтэй байгаа билээ.