Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Плэй-Оффын гал гарсан өрсөлдөөнүүд үргэлжилж байна. Өнөөдөр цувралд зайлшгүй амьд үлдэх шаардлагатай хоёр тоглолт болох ба Хаан Шонхорууд болон Дархан Юнайтед багууд 0-2 харьцаанаас эргэж ирэх тун чухал тоглолтууд болно.
Цувралд амьд үлдэх шаардлагатай чухал тоглолтууд Хаан Шонхорууд, Дархан Юнайтед багуудын өмнө ирээд байна
3 сарын 6
Энэхүү цуврал яг л өмнөх жилийг санагдуулам эхэлсэн. Плэй-Оффт хоёрдугаар байраар шалгарсан аваргууд энэ жил дахин эхний шатанд Дарханы залуустай учраа таарлаа. Бүрэлдэхүүний хувьд аль аль багууд тийм ч том өөрчлөлт хийгээгүй. Өнгөрсөн жил аваргууд 4-1 харьцаатай илүүрхэж, дараагийн шатанд шалгарсан бол Дархан Юнайтед улирлын дундуур О.Тулга гэх залуу тоглогчийг Япон улсаас "шүүрч" авчирсан нь тэдэн Плэй-Оффт 7- байраар гарахад том тус болсон юм.
Цувралын эхний тоглолтын өмнө улирлын сүүлийн тоглолтуудад бэртэлтэй байсан Н.Биндэрьяа эргэж ирсэн нь Хасын Хүлэгүүдэд том давуу тал болов. Тоглолтын эхлэл Дарханы залуучуудын хувьд тун боломжийн байж өрсөлдөгчдөдөө ердөө 17 оноо алдав. Харин хоёр гуравдугаар үед Хасын Хүлэгүүд баг тэр дундаа А.Азбаяр, Э.Түшиг нарын ээлж дараалсан довтолгоо, хоёр дахь боломжууд багтаа том давуу талыг бий болгож, 15 хүртэлх онооны зөрүүг үүсгэв. Нөгөө талд Дарханы довтолгооны хувь тун муу байсан ба алсын зайнаас 21.7 хувьтай, дундын зайнаас 39.5 хувьтай довтолсон нь онооны зөрүү улам бүр холдох том шалтгаан байлаа. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед Хасын Хүлэгүүд баг давуу талаа улам хадгалахын хажуугаар төгс гэмээр хамгаалалтыг үзүүлж, үндсэн цагт 85-67 харьцаатай буулгаж авлаа.
Тус тоглолтын дараа Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр "Плэй-Офф эхэлсэн гэдэг утгаар би илүү нягт нямбай тоглохыг хичээж байгаа. Манай багийн ростер 100 хувь бэлэн болсон нь маш таатай байна. Дарханы хурдан довтолгоог эхэлж зогсооход бид нар бэлдэж байгаа." хэмээн ярилцлага өгчээ.
Цувралын хоёр дахь тоглолт 3-р сарын 03-ны 20:40 цагаас эхэллээ. Тоглолтын дүр зураг эхлэлээс Хүлэгүүдийн давамгайлал тэр дундаа урд шугамд шахсан хамгаалалтын дарамт Дархан Юнайтедад хүнд цохилт болов. Ч.Тэмүүлэн, Э.Түшиг нарын бөмбөг таслалтууд, үр дүнтэй хамгаалалт Дархан Юнайтедын суурилсан довтолгоонуудыг няцааж байлаа. Дархан Юнайтед өмнөх тоглолтоос илүү алсын зайн шидэлттэй байж, 40 хувьтай аркны араас унагаж байсан ч оноогоо хадгалж чадахгүй явсаар 22 хүртэлх онооны зөрүүд Аваргууд үүсгэж өмнөх тоглолттой адил төвөггүйхэн ялалт байгууллаа. Ийнхүү Хасын Хүлэгүүд баг 86-75 харьцаатай ялалт байгуулж цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Тоглолтын дараа хоёр тоглолтод онцгой байсан Э.Түшиг: "Залуу хурдтай багийн эсрэг хүчтэй хамгаалалтаар угтья гэж шийдэж гарч ирсэн. Онооны илүү гарсан үедээ манай багийнхан тайвширах хандлагатай болж байгаа. Үүнийгээ засаад тэргүүллээ улам ахиулах хэрэгтэй. Мэдээж бид тайвшраагүй" хэмээн мэдэгджээ.
Цувралын гурав дахь тоглолт өнөөдөр 18:10 цагаас эхэлнэ. Дархан Юнайтедийн залуучууд энэхүү цувралд амьд үлдье гэвэл өнөөдөр зайлшгүй хожил байгуулах даалгавартай орж ирэх хэрэгтэй. Харин нөгөө талд Хүлэгүүд эрт цувралыг хаах хэмжээнд очиход өнөөдрийн тоглолт тун чухал байх болно.
BCH Knights /2/ VS Хаан Шонхорууд /0/
Энэ жилийн Плэй-Оффын яах аргагүй чимэг болсон цуврал бол BCH Knights болон Хаан Шонхорууд багуудын хооронд болж байна. Улирлын төгсгөлд Ховд Шонхорууд томоохон ивээн тэтгэгчтэй болж Хаан банкны Хаан Шонхорууд болов. Тиймдээ ч Рэйли Российг өнгөрсөн жилийн шилдэг гадаад тоглогч Байрон Уэслигээр үнэ цохин солилцож бүрэлдэхүүнээ улам зузаатгалаа. Тиймдээ ч сагсан бөмбаг сонирхогчид энэхүү цуврал багадаа 6 тоглолтод шийдэгдэнэ хэмээн таамаглаж буй биз.
Эхний тоглолт ч үүнийг баталлаа. Эхний үед Knights тэргүүллийг авч, довтолгоо тун жигд эхлүүлсэн бол хоёрдугаар үе болон гуравдугаар үеийн эхлэлд Шонхорууд онооны харьцааг ердөө нэг болгон ойртуулав. Дөрөвдүгээр үед 10 онооны тэргүүлэлтэй орж ирсэн Knights тоглолтын хэмнэлээ алдаж, ердөө 2 онооны зөрүүтэй болсон бол О.Эрдэнэцогт багийн ахлагчийн үүргээ хангалтай биелүүлж, гурав дараалсан алсын зайн шидэлтээ амжилттай болгож онооны тэргүүллээ хадгаллаа. Түүний энэхүү шидэлтүүд Хаан Шонхоруудад хүнд цохилт болж оноог ойртуулах хэд хэдэн оновчтой шийдвэрүүд гаргасан ч тэдэнд хангалттай хугацаа үлдсэнгүй. Улмаар үндсэн цагт 85-79 харьцаатай BCH Knights багийн давамгайллаар өндөрлөлөө. Тус тоглолтын дараа О.Эрдэнэцогт "Маш ширүүн тоглолт болж өрнөлөө. Өндөр багийн эсрэг хэрхэн тоглох дээр анхаарч байна. Плэй-Офф хамгаалалтад суурилж тоглодог хамгаалалт дээрээ илүү анхаарна." хэмээн яриа өгсөн юм.
Цувралын хоёр дахь тоглолт Хаан Шонхорууд багийн мэдэгдлээр эхэллээ. Тэд энэ цуврал тийм ч амар болохгүй шүү гэдгийг эхний үе дээр харуулж, 30-23 харьцаатай тэргүүлж эхлүүлэв. Тоглолтын эхлэлээс Шонхоруудын хамгаалалт, тэр дундаа будагтай талбайн давуу талаа гаргаж, гол оноо авагчдын нэг Давион Уарренийг маш сайн хязгаарлаж байлаа. Тиймдээ ч хоёрдугаар үеийн төгсгөлд Уаррен бүсийн дүрэм зөрчиж, бөмбөгтэй зүй бус харьцсан ба үүн дээр техник өгөөгүйд бухимдсан МУГД С.Тулга бухимдан өөрөө техникийн алдаагаар торгуулсан нь тоглолтын салхыг эргүүлэх нэг шалтгаан болов. Эхний хагасын дараа BCH Knights багийн болохгүй байсан довтолгоонууд учраа олж, Э.Сугар-Очир, Николас Уард нарын будагтай талбайн ээлж дараалсан оноонууд онооны тэргүүллийг авчирхад том тус болов. Мэдээж Д.Уаррен олон үе чимээгүй байхгүй гэдгээ нотолж тус тоглолтод 29 оноо авсан юм. Дөрөвдүгээр үед 10 гаруй онооны тэргүүллээ BCH Knights маш хурдан алдаж, Б.Уэсли, О.Өсөхбаяр, А.Батхуяг нарын нэгийн эсрэг нэг довтолгоонууд амжилттай болох үед Knights эргээд тун хүнд нөхцөлд байдалд оров. Тоглолт эргэж болох чухал мөчид BCH Knights багийн ахлах дасгалжуулагч шүүгчид рүү орилсон явдалд багийн ахлагч О.Эрдэнэцогт тайвшруулан суулгах гэсэн үйлдэл нь олны анхааралд өртөөд амжив. Эцсийн шүгэл дуугарахад 81-80 харьцаатай BCH Kngihts баг хожил байгуулан цувралыг 2-0 ээр тэргүүлж, том давуу талтай боллоо.
Уг тоглолтын дараа хувцас солих өрөө тайван байгаагүй бололтой. Тодруулбал Давион Уаррен болон О.Өсөхбаяр нарын хооронд үл ойлголцол үүсч бие биедээ халдсан гэх мэдэгдэл гарсан юм. Үүнтэй холбоотой мөн хоёр баг албан ёсны хуудсуудаараа дараах мэдэгдлийг гаргасан.
Мөн Хаан Шонхорууд багийн ахлах дасгалжуулагч С.Тулга BCH Knights багийн тоглогч А.Базаргүрийн толгойд цохьсон гэх мэдээлэл ч гараад амжсан. Энэ талаар С.Тулга дасгалжуулагч залуу тамирчдаа өмөөрсөн гэх тайлбартай өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн. Талбай дээр ч талбайн гадна ч маш ширүүн өрсөлдөөн аль хэдийнээ өрнөөд эхэлсэн хоёр багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр 20:40 цагаас эхлэх гэж байна.
Гэрэл зургийг: The League





