MSports logo
NBA-ийн хоёр удаагийн аварга Ражон Рондо зодог тайлж буйгаа зарлалаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 3

  • NBA-ийн хоёр удаагийн аварга Ражон Рондо зодог тайлж буйгаа зарлалаа

    Кентаки мужаас гаралтай Ражон Рондо 2006 оны эхний тойргийн сонголтоор Финикс Санс багт сонгогдох байсан ч тэр өдөр нь Бостон Селтикс баг эгнээндээ нэгтгэснээр NBA-ийн замнал нь эхэлсэн. Улмаар Бостон Селтикс багт 9 улирал тоглохдоо анхны аварга цолоо хүртэж, дөрвөн удаагийн бүх одод тоглогч, хоёр удаа бүх хамгаалалтын нэг, хоёрдугаар багт нэрлэгдэж, 2010 онд лигийг бөмбөг таслалтаар тэргүүлж байсан юм. Дараагаар нь Лос Анжелес Лэйкерс багтай нэгдэж 2020 онд аваргын цом дахин өргөсөн билээ. 

    NBA-ийн хоёр удаагийн аварга Ражон Рондо зодог тайлж буйгаа зарлалаа

    Ражон Рондо саяхан оролцсон "All That Smoke" подкаст дээр NBA-д дахин тоглохгүй бөгөөд зодог тайлж байгаа гэдгээ зарласан байна. Подкастын хөтлөгч Мэтт Барнс, Стивен Жексон түүнээс яагаад зодог тайлж буй талаар асуухад "Би гэр бүлдээ цаг зарцуулсан нь дээр гэж бодож байна. Мөн хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй тул сагсан бөмбөгөөс зодог тайлж байна" гэжээ. Ражон Рондо өөрийн төрөлх сургууль болох Кентакигийн Их сургуульд бүтэн цагийн оюутан болж эргэн суралцаж байгаагаа дурдав. Тэрээр 2006 онд NBA-ийн драфтад орохын тулд коллежоо эрт орхисон бөгөөд одоо 12 настай хүүгээ дасгалжуулахын хажуугаар эрдмийн зэрэг горилон суралцаж байна. 

    Рондогоос NBA-д өнгөрүүлсэн 16 улирлын замналын талаар асуухад “Яг талбай дээр тоглож байх хугацаа маань төсөөлшгүй сайхан байсан. Талбай дээр өнгөрүүлэх хором бүрд дуртай байсан бөгөөд олон жилийн турш дотносож, хамтдаа хөгжиж, суралцаж чадсан ах дүүгийн харилцаагаа би үнэлдэг. Би энэ спортоос маш их зүйлийг сурсан бөгөөд энэ бүхэн нь өнөөдрийн намайг бий болгосон" хэмээн нэвтрүүлгийн төгсгөлд хэлсэн байна.