MSports logo
Шатрын Их Мастер Д.Номин-Эрдэнэ Туркийн Супер лигт аваргалж, хошой алтан медальтан болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 22

  • Шатрын Их Мастер Д.Номин-Эрдэнэ Туркийн Супер лигт аваргалж, хошой алтан медальтан болжээ

    Монголын эмэгтэй шатарчдын залгамж халаа, Шатрын Их Мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын Топ 5 Лигийн нэг гэгддэг Туркийн Супер Лигт эмэгтэй ширээнд 1-р байр эзэлж, аваргалжээ. Ийнхүү тэрбээр тус лигт хоёр дахь удаагаа түрүүлж хошой алтан медальтан болсон байна.


    Шатрын Их Мастер Д.Номин-Эрдэнэ Туркийн Супер лигт аваргалж, хошой алтан медальтан болжээ

    Наймдугаар сарын 4-16 хооронд Турк улсын Анкара хотод уламжлал болон зохиогддог Туркийн Супер Лигт "Тарсус Зэка" клубээс эмэгтэй ангилалд уригдан оролцсон Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шилдэгүүдтэй урт хугацаанд өрсөлдөж, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тодруулбал тэмцээний эмэгтэй ангилалд Хятад улсын Их Мастер Жу Жинэр 2533 чансаагаар ахалж, олон Их Мастерууд оролцсон тэмцээнд Д.Номин-Эрдэнэ 15 өрөг тоглож, урт хугацааны өрсөлдөөнд тэргүүлжээ.

    Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:

    "Миний тоглож байсан хамгийн том, хамгийн урт тэмцээн байлаа.Нэрсийн жагсаалт, тэмцээний бүрэлдэхүүнийг хараад сүрдэж байсан тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна" гэжээ.
    Шатрын Их Мастер Д.Номин-Эрдэнэ Туркийн Супер лигт аваргалж, хошой алтан медальтан болжээ

    Д.Номин-Эрдэнэ нь Монгол улсын нэр хүндтэй шатарчдын нэг бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг гаргасан байдаг. 2000 онд төрсөн Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож эхэлсэн бөгөөд зургаан настайгаасаа тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Тэрээр 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, Монголын анхны өсвөрийн Дэлхийн аварга болсон эмэгтэй шатарчин болсон.

    • 14 настайдаа Олон улсын мастер (IM) болон Эмэгтэйчүүдийн их мастер (WGM) цолуудыг хүртсэн.

    • 2019 онд, 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер (GM) цолны бүх нормын болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин болсон шилдэг шатарчдын нэг юм.