Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсуудыг бичсээр байгаа Майк өнөөдөр нэгэн шинэ түүхийг мөн бичсэн юм. Mongolian Mike энэ өдөр алдарт Голден Стэйт Уорриорс багийн “Chase Center”-т тоглож, өөрийн замналын хувьд хамгийн том ордонд Миннесота Гоферс багийн эсрэг онцгой тоглолтыг үзүүллээ. Сан Франциско Донс, Миннесота Гоферс багуудын хувьд түүхэндээ анх удаа учраа таарсан тоглосон байна. Энэ улиралд “San Francisco Dons” багийн эгнээнээс коллежийн сагсан бөмбөгийн лигт тоглож буй тэрбээр Chase Center-ийн талбайд ашигтай тоглолтыг үзүүлж чадлаа. Ялангуяа хоёрдугаар хагаст Mike довтолгоонд идэвхитэй оролцож, талбайд байх хугацаандаа багтаа хувь нэмрээ оруулсаар байв. Түүний багийн анд Жонатан Могбо 21 оноо, 10 самбар, Маркус Уильямс 20 оноо, Mike /Ш.Энхийн-Од/ 13 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 таслалт, 3 оновчтой дамжуулалт үзүүлснээр Сан Франциско Донс 76:58-аар Миннесота багийг Чейс центрт хожлоо. Мөн Донсоос залуу тоглогч Райан Бисли 11 оноо, зургаан бөмбөг таслалт, гурван оновчтой дамжуулалт өгч, Донсчууд багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, ялалт байгуулсан юм. Ордны тайлбарлагчид энэ өдөр Бисли, Майк хоёрыг онцолж байсныг дурдах нь зүйтэй.
Chase Center-т анх удаа тоглосон “Mongolian Mike” 2-р сард дахин энэ талбайд тоглоно
11 сарын 27
Тоглолт дуусахад 13:07 минут дутуу байхад Кэм Кристигийн 3 онооны шидэлтээр Миннесота 47:46 харьцаатайгаар онооны харьцааг ойртуулсан ч хариуд нь Уильямс бөмбөгийг авч, Майк, Могбо нар довтолгоонд ашигтай оролцож Донс эргэн давамгайллаа холдуулж 53:46-гаар тэргүүлэх болсон. Тоглолт дуусахад нэг минут дутуу байхад онооны зөрүү 20 болсноос харахад Донс баг талбайд сүүлийн хагаст хэр зэрэг давуу байдалтай байсныг харж болно. Улмаар Донсчууд тоглолтын давамгайллаа хадгалсаар 76:58-ын харьцаатайгаар хожил байгуулж, улирлын 5 дахь хожлоо байгууллаа. Миннесота Гоферс харин хоёр дахь ялагдлаа амсч, 4 хожил хоёр хожигдолтой боллоо. Гоферс 11-р сарын 16-нд Миссурид 70-68-аар хожигдсоныг оруулаад хоёр тоглолтонд хожигджээ. Сан Франиско Донс баг Хойд Америкийн коллежийн сагсан бөмбөгийн Баруун Эргийн бүст хүснэгтийн дөрөвт бичигдэж байгаа бол Санта Клара Бронкос баг хүснэгтийг түүчээлж байгаа юм. Донс дараагийн тоглолтоо Улаанбаатарын цагаар 12-р сарын 4-нд Аризона Стэйт байгийн эсрэг хийх юм.
Сан Франциско Донс багийн ахлах дасгалжуулагчаар Крис Герлуфсен ажиллаж байна. Тэрбээр Сан Францискогийн ахлах дасгалжуулагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Герлуфсен нь NCAA-ийн тэмцээнд багийг хүлээн авсныхаа дараа 20 ялалт байгуулсан тус улсын хоёр дахь ахлах дасгалжуулагч юм. Түүний нээлтийн улирал 7:1-ээр эхэлсэн бөгөөд Сан Франциско 2022 онд Канзас-Ситид болсон Сонгодог Алдрын танхимын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь онцлох үйл явдал болжээ. Донсчууд бүсийн бус тоглолтыг 11-4-ийн амжилтаар дуусгасан байна. Энэ нь 1980-81 оноос хойш Сан Франциско Донс багийн дасгалжуулагчийн улирлын өмнөх хамгийн олон ялалтыг байгуулсан амжилт болжээ. Тус багийн 2022-23 онд Аризона муж улсын №25-т эрэмбэтэй багийг 37 оноогоор хожиж, түүхэн дэх дээгүүрт чансаатай багийг хожсон хамгийн том үзүүлэлт болж байжээ. Түүний удирдлага дор Халил, Шабазз, Тайрелл Робертс зэрэг тоглогчид өнгөрсөн улиралд онооны үзүүлэлтээ ахиулсан гэсэн статстик байна.
Сан Франциско донс багийн бүрэлхэнүүнд хамгаалагчаар Райан Бисли/Америк/, Малик Томас /Америк/, Майк Шаравжамц /Монгол/, Жастин Бикер/Америк/, Робби Бисли, Жэйк /Америк/, Жастин Бикер/Америк/, төвийн тоглогчоор Саба Гигибериа /Гүрж/, Володимир Марковетский/Украин/, довтлогчоор Исаиа Хоторн/Америк/, Стефан Тодорович /Серби/, Жонатан Могбо /Америк/, Жош Кунин /Автсрали/, Нвеведо Ньюбери /Англи/, Жүнжи“Барри” Ван /Хятад/. Нэг ёсондоо 7 Америк тоглогч, 1 Серби, 1 Украин, 1 Англи, 1 Австрали, 1 Хятад, 1 Монгол тоглогчдоос Донс баг бүрдэж байгаагийн дунд Ази хоёр тоглогчийн нэг болох Майк Энхийн-Од тоглолт бүрт өөрийн давуу талыг харуулсаар байна.
Ийнхүү Ш.Энхийн-Од Голден Стэйт Уарриорс багийн “Chase Center”-т эхний тоглолтоо хийж, хожил байгууллаа. 2024 оны 2-р сарын 29-ний Пүрэв гарагт Сан Францискогийн Их Сургуулийн Донс баг, Гонзага Бульдогс багийн эсрэг “Chase Center”-т тоглох юм.