Улсын баяр наадам ойртож, УИХ-аас "Баяр наадмын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын ажил явагдаж байна. Харин энэ төсөлд 2021 онд болсон Монгол улсын Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30, Монгол бөхийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдааныг эргэн харахаар болсон байна. Тодруулбал 2021 оны долоодугаар сард Ковидын цар тахлын улмаас шалтгаалж улсын баяр наадмыг албан ёсоор хийж чадаагүй. Нэг сарын дараа буюу наймдугаар сарын 17-нд Хүй долоон худагт дээрх барилдааныг хийхээр болсон юм. Тус барилдаан эхлэхээс өмнө МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тэргүүтэй хүмүүс бөхийн цол олгоно хэлсэн бөгөөд олон арван улс, аймгийн цолтой бөхчүүд ч үүнийг нь мэдэж, хүч, ухаанаа урулдуулан барилдсан гэдэг. Энэ тухай олон бөхчүүд ч одоог хүртэл ярьдаг. Тэрхүү барилдаанд одоогийн улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага цолтойдоо түрүүлж, одоогийн улсын начин Э.Ууганбаяр аймгийн арслан цолтой үзүүрлэж байлаа. Харамсалтай нь тухайн барилдааны дараа зарлиг гараагүй тул бөхчүүдэд зөвхөн батламж олгоод өндөрлөсөн байна.
Улсын заан Б.Бат-Өлзий энэ жил улсын хүчит Арслан цолтой зодоглоход ойрхон байна
5 сарын 20


21 аймгийн наадмын бөхийн барилдаан, морины уралдааныг нөхөн тэмдэглэсэн бөгөөд уяач, харваач, бөхчүүд бүгд цол чимгээ авсан байдаг.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тэргүүн одоог хүртэл энэ талаар ярьдаг ба тус жилд авах ёстой цол хэргэмийг өгөх ёстой гэж үздэг.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын гарьд И.Доржсамбуу:
“МҮБХ бол тэр наадамд барилдсан бөхчүүдэд цол, чимэг олгохыг зөв гэж үздэг. Гэвч эхлээд УИХ-аар хэлэлцэж, дараа нь Ерөнхийлөгч цол олгодог болохоор шууд цол олгочихно гэж хэлэхэд эрт байна. Юу болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна”
хэмээн хэлсэн юм.
Харин энэ жил УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баяр наадмын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг санаачлан хийж, өргөн барив. Энэ төсөлд зааснаар бол тэрхүү барилдаанд цолны даваа давсан бөхчүүдэд цол, чимэг олгохоор тусгасан байна.
Энэ хуулийн төсөл дэмжигдсэнээр хэн ямар цол нөхөж авахыг вэ?
Энэ барилдаанд ес давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий улсын Арслан цол, найм давж үзүүрлэсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын харцага Э.Ууганбаяр улсын Гарди цол хүртэх нь. Бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх Идэр Начин Ч.Батчулуун, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Т.Довчинсэмбээ нар улсын Заан цол тус тус хүртэх болно.
Түүнчлэн улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Ц.Адьяа нар улсын Харцага цолны тэмдэг зүүх юм.
Мөн улсын начин Ш.Дарханбат, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Д.Төрболд, улсын начин Э.Нямаа, улсын начин Э.Мөнхжаргал нар улсын өсөх-идэр цол чимэг хүртэх учиртай. Үүнээс гадна улсын харцага Б.Зоригтбаатар ч тав давсан чимгээ нөхөж авах юм.
Харин тухайн барилдаанд допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын цол чимгийг олгох боломжгүй ажээ. Бөхийн барилдааны тавын даваанд дээрх бөхчүүдэд өвдөг шороодсон улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарын бөхчүүдэд нөхөж чимэг олгохоор ажиллаж байгаа юм байна.
Гэхдээ эхлээд УИХ шинэчилсэн найруулгыг дэмжиж, дараа нь Улсын Ерөнхийлөгч батламжаа гардуулж гэмээнэ шинэ цолоо хүртэх юм.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр анхаарал татаж буй өөр нэг заалт нь Гадаад дахь Монголчуудын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд аймаг, сумын цол олгохоор яригдаж байна. Ингэхдээ 128 бөхийн барилдаанд түрүүлбэл аймгийн арслан, 64 бөхийн барилдаанд түрүүлбэл сумын заан цол олгох нь. Энэ хэвээр батлагдвал залуус аймгийн цолтнууд БНСУ, Япон, АНУ зэрэг улс орнуудаар аялах зуураа барилдаж түрүүлж, үзүүрлээд аймгийн цол чимэг авдаг болох нь.
Энэ баяр наадмаар ард түмний хүлээж байсан Улсын Арслан цолоор Б.Бат-Өлзий заан тун удахгүй цоллуулах бололтой.