MSports logo
ФРАНЦ, МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН БАГ ТАМИРЧИД СПОРТЫН ТӨВ ОРДОНД ХАМТАРСАН БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА
  • А
    Админ

    3 сарын 2

  • ФРАНЦ, МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН БАГ ТАМИРЧИД СПОРТЫН ТӨВ ОРДОНД ХАМТАРСАН БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА

    Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн Францын багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Өнгөрөгч 12-р сард Франц улсын жүдо бөхийн залуучуудын баг манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж байсан бол ийнхүү сар гаруйн дараа дахин Францаас жүдогийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд 1996 оны Атлантагийн олимпийн наадмын 71 кг-ийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, ЕАШТ мөнгөн медальт Гаглиано Кристофоор удирдуулсан 13 тамирчин ирсэн юм. Эдгээр тамирчдын дунд 2021 оны Токиогийн зуны олимпийн -60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулга тэмцээний V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин багтсан байна. Баг тамирчид өдөрт 2 хамтарсан бэлтгэлийг Спортын төв ордны жүдогийн зааланд хийж байна. Парисын олимпийн наадмын цикл эхэлснээс хойш манай жүдогийн баг тамирчид гадаад багуудтай 3 дахь удаагийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

    “Монголд ирээд хоёр хоног болж байна. 13 тамирчин, 2 багш дасгалжуулагч, 1 массажитийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Цаг агаар сэрүүвтэр байна, мөн цагийн зөрүү бага зэрэг гараагүй байгаа. Гэхдээ бэлтгэл сайн явагдаж байна. Манай багийн хувьд Токиогийн олимпийн наадмаас хойш дотооддоо хамтарсан бэлтгэлд оролцсон. 2022 оны анхны гадаад дахь бэлтгэл болж байна. Одоо ирсэн тамирчдаас 1, 2 тамирчин өмнө нь Монголд ирж бэлтгэл хамрагдаж байсан. Ихэнх тамирчид анх удаа ирж байна. Монгол жүдочдийн хувьд ур чадвар сайтай. Дэлхийд их ялгардаг. Үндэсний бөхтэй нь холбоотой болов уу гэж боддог. Бид нарт хэв маяг, онцлог нь сонирхолтой санагддаг учраас хамтарсан бэлтгэл хийж байгаа. Монгол жүдочид цээж барилдан их хийдэг.”

    Монгол, Францын баг тамирчдын хамтарсан бэлтгэл 14 хоног үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, БНСУ-ын 30 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг тамирчид Монголд хамтарсан бэлтгэл хийх хүсэлтээ илгээсэн байна. Мөн түүнчлэн 3-р сард Ази тивээс Сингапур, Вьетнамын жүдогийн баг тамирчид Монголд бэлтгэлд хамрагдахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбоо сар бүр дотооддоо чансаа тогтоох тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ сарын 10, 11-нд чансаа тогтоох тэмцээн зохиогдох бол 3-р сарын  25, 26-нд Гүрж улсад Тблисийн их дуулга тэмцээнд бүтэн багаараа оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.