1987.08.06-нд Улаанбаатар хотын 1-р төрхөд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Нэг эгчтэй. Манай гэр бүлд спортын хүн байхгүй. Багадаа их сониуч, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
Сагсан бөмбөгийн спортоор анх 6 насандаа гэрийнхээ жижигхэн шийдэн дээр аавтайгаа тоглож байсан. Түүнээс хойш сагсан бөмбөгийн спортын жижиг детайл бүрд дурласан. Анх 14 насандаа идэрчүүдийн улсын аваргад түрүүлээд медалиа зүүгээд харихад аав, ээж баярын ширээ зассан хүүгээрээ бахархаж байна гэж байсан үе одоо бодоход хамгийн нандин үе байдаг.
Чөлөөт цагаараа найзуудтайгаа спортын тэмцээн, тоглолтууд үзэж тэдэнтэйгээ спортын талаар гүнзгий ярилцах дуртай. Сагсан бөмбөгийн спортоос гадна хөлбөмбөг, хоккей, хөнгөн атлетик, америк хөлбөмбөг үзэх дуртай.
Фитнессээр сагсан бөмбөгийн спорттойгоо хослуулаад сүүлийн 10 жил тасралтгүй хичээллэж байна. Бэлтгэл дээр олон давтсан зүйлээ тоглолтон дээр хэрэгжүүлж чадаж байвал тэрнээсээ маш их урам авдаг. Амьдрал дээр ч гэсэн хөдөлмөрлөсөн хүн хэзээ нэгэн цагт үр шимээ хүртдэг гэдэгт итгэдэг.
Багадаа жүжигчин Женнифер Коннеллигийн хөх ногоон нүдэнд крашлаж байсан.
Энэ жил дээд лигт “Эрдэнэтийн Уурхайчид” багаас тоглож байгаа. Энэ жил манай баг бэлтгэлийн хувьд сайн байгаа гэж бодож байна. “Training Camp” Серб улсын Белград хотод сар хийгээд ирсэн. Ахлах дасгалжуулагч маань Грек хүн байгаа. Туслах дасгалжуулагч Серб залуу. Багийн хувьд системтэй сагс тоглохыг хичээж байгаа. Өөрчлөлт хийх гэж хичээж байна.
Үлгэр дуурайлал авдаг тамирчин бол Том Брэди. Том Брэди 45 наснаасаа өндөр түвшинд өрсөлдөх хэмжээнд бие физиологи тордохоос гадна ямар ч нөхцөлийг багтаа ашигтайгаар эргүүлж чадахаар сэтгэлзүйгээ бэлдсэн байдал нь ондоо түвшин санагддаг.
Хэрвээ эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж байх байсан бол хамгийн түрүүнд юм хийхээсээ өмнө учиргүй уйлах байсан биз гормоноо зохицуулж мэдэхгүй юм чинь. Тэгээд хувцсаа тайлаад өөрийгөө толинд харах байх.
Бусдаас сонсож байсан хамгийн гоё урмын үг бол “Хэдэн мянган удаа ухаандаа давтаж, хэдэн мянган удаа бие махбодоо шингээсэн тэр бэлтгэл сургуульдаа л итгэ”.