Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно голын Хилийн хороо 0146-р отрядад төрж өссөн. Д.Батгэрэл холимог тулаанаар 2006 оноос эхлэн Ж.Нарантунгалаг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн.
Анх холимог тулаанаар хичээллээд гадаадын мэргэжлийн тэмцээнд тулалдсанаас хойш UFC-д орох зорилго, мөрөөдөлтэй болсон. UFC-д орохын тулд маш олон шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Холимог тулаанаар хичээллэдэг дийлэнх тамирчдын хүсэл, мөрөөдөл болсон UFC-ийн дэвжээнд Д.Батгэрэл 5 тулаан хийгээд байна.
Монголд болсон тэмцээн, тулаануудад оролцож байсан. Бээжинд мөн тулаанд ялалт байгуулж байжээ. Түүний хамгийн онцлох ялалт, амжилт бол UFC-д 3 дараалан 1-р үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан. Энэ амжилт нь одоо тулалдаж байгаа тамирчдын рекордын 3-рт бичигдэж байна.
UFC-д тулалдаж үзэхийг хүсдэг тамирчин түүнд хэд, хэд байдаг. Өмнө нь дийлдэшгүй хэмээн нэрлэгддэг байсан Жозе Алдо Жр, 70 кг-ийн аварга байсан Фрэнки Эдгар болон одоогийн аварга Петр Янг зэрэг тулаанчидтай тулалдаж үзэхийг хүсдэг.
Д.Батгэрэл нь ганц бие. Түүнд эмэгтэйлэг, даруу төлөв, ухаалаг, өөдрөг, сайхан сэтгэлтэй эмэгтэй таалагддаг байна.
Тэрбээр 2021 оны 4-р сард UFC261 тэмцээний үеэр АНУ-ын тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө 50 секундийн дотор ялсан. Кевин нь холимог тулаанд 11 тулалдаж 9 ялсан амжилттай байсан ч Монгол тулаанчийн өмнө хүчин мөхсөдсөн юм. Д.Батгэрэл түүнийг угтуулан зүүн гараар цохиж унагаахад шүүгч тулааныг зогсоож байсан. Энэхүү тулааны өмнө тэрбээр томоохон тулаануудад хэд, хэд тулалдаж ялсан байсан учир “Fight Night”-д ороход сэтгэл зүй өндөр байсан. Мөн бэлтгэл бүрэн дүүрэн ханасан байсан нь давуу тал болж байжээ.
Тамирчин хүн гэмтэл, бэртэл авах нь олон. Тэр дундаа тулааны спортын тамирчид бэлтгэл дээрээс эхлүүлээд маш их гэмтэж байдаг. Д.Батгэрэл жижиг бэртлүүд олон удаа авч байсан. Одоогийн байдлаар мөн бага зэргийн бэртэлтэй байна. Том бэртэл 2014 онд авч байжээ.
Хилийн чанадад тулаанд оролцоход тамирчид болон холбоод Монгол хүн, Монгол тулаанч гэхээр үүх түүхээр илүү мэддэг гэнэ. Чингисийн баатрууд гэдгээр мэдэж төсөөлдөг байна. Д.Батгэрэлтэй хамт бэлтгэл хийдэг тамирчид Монгол хүн гэхээр мах их иддэг, хүчтэй гэж хүлээж авдаг. Харин холбоодын хувьд Монгол хүн учраас ялгаатай хандахгүй. Хүн ам цөөтэй, ашиг орлого олох талбар нь бага учир онцолж үздэггүй байна.
Тэрбээр Монгол хүний онцлогийн талаар хэлэхдээ Монголчууд аливаа зүйлд хурдан дасан зохицдог. Тэсвэр тэвчээр, зориг зүрх сайтай. Цуснаасаа, түүхээсээ юмыг хурдан сурдаг гэж тодорхойлсон юм. Д.Батгэрэл бэлтгэл, сургуулилтаа АНУ-ын Альбукерке хотын холимог тулааны “Jackson Wink” клубт хангадаг. Гардаг бэрхшээл нь санхүү. Мөн баг хамт, олон дасгалжуулагчгүй бүх юманд ганцаараа явдаг байна. Тэрбээр Америкт жилийн 8-9 сарыг өнгөрүүлдэг. Бэлтгэл сургуулилт хийхдээ дасгалжуулагч, бэлтгэл хангагчтай багаараа явдаг бол амар гэдгийг Д.Батгэрэл хэлсэн юм. Одоогоор түүнд тийм боломж, бололцоо байхгүй байна. Энэ нь маш хэцүү байдаг аж. Мэх, техник давтахад хамтрагч хэрэгтэй байдаг ч бэлтгэлээ дуусаад ганцаараа тархиндаа бодож, давтах зэрэг хамтрагчгүйн бэрхшээлүүд тулгардаг талаараа хуваалцсан юм.
Ивээн тэтгэгч, спонсорын хувьд өмнө нь байгаагүй бол сүүлийн тулааны өмнө Их Бит ХХК, IHC токений залуучуудтай хамтран ажиллахаар болсон байна. Тэрбээр тус ивээн тэтгэгчидтэй нэг зорилготойгоор хамтран ажиллах болсондоо баяртай байдаг байна.