MSports logo
ФРАНЦЫН НЭРТ ТЕННИСЧИН ЖО-ВИЛФРИД ЦОНГА ЗОДОГ ТАЙЛЛАА
  • А
    Админ

    5 сарын 22

  • ФРАНЦЫН НЭРТ ТЕННИСЧИН ЖО-ВИЛФРИД ЦОНГА ЗОДОГ ТАЙЛЛАА

    Талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн 5-р сарын 22-ноос 6-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилж байна. Мягмар гарагт эзэн орны тамирчин Жо-Вилфрид Цонга зодог тайллаа. Тэрбээр мэргэжлийн замналын сүүлийн тоглолтоо Норвегийн 8-р эрэмбэтэй Каспер Руудын эсрэг хийсэн. Энэхүү тоглолтонд 6-7 (6), 7-6 (4), 6-2, 7-6 (0)-ээр Норвег теннисчин илүүрхсэн. 2004 оноос хойш мэргэжлийн түвшинд 18 жилийн турш талбайн теннисний томоохон тэмцээнүүдэд оролцож 18 түрүү хүртсэн Конго гаралтай Франц тамирчны хувьд тэмцээний сүүлийн цохилтоо нулимас дуслуулан хийсэн. Түүний өрсөлдөгч 23 настай Рууд ч Цонгад хүндэтгэл үзүүлж Ролан Гарросын шороон талбайд цугласан үзэгчид энэхүү тоглолтын дараа Цонгад бүгд хүндэтгэл үзүүлсэн юм.

    Ролан Гарросын талбайд зодог тайлж байгаа гэдгээ албан ёсоор зарласан. Түүний мэргэжлийн замналын сүүлийн тоглолтыг түүний аав Дидье Цонга ирж үзсэн нь сэтгэл догдлуулам хормын үнэ цэнийг улам нэмэгдүүлсэн. Цонга тоглолтын дараа хэлэхдээ "Өнөөдөр олон түмэн намайг дэмжиж байгаа нь надад тулалдах хүчийг өгч, би үүнийг хийсэн. Энэ нь миний хувьд сэтгэл хөдөлгөм байсан. Энэ мөч миний тархинд сайхан мөч хэвээр үүрд үлдэх болно. Нэг ёсондоо би дуусгахыг хүсч байгаа шигээ дуусгаж чадлаа." гэсэн байна. Ийнхүү мягмар гарагт Ролан Гаррост болсон Жо-Вилфрид Цонгагийн зодог тайлах ёслол нь энэ улирлын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Мэргэжилтнүүдийн хувьд хамгийн шилдэг нь байсан Цонгад найз нөхөд, гэр бүлийнхэн болон бусад тоглогчид бүгд түүний 18 жилийн түүхт карьерт нь хүндэтгэл үзүүлэхээр ирсэн. Түүний эцэг эх Дидье, Эвелин нар болон түүний эхнэр Нура болон хоёр хүү Шугар, Лилоу нарын хамт оролцсон юм.

    "Миний хувьд анхны дасгалжуулагч нараа талбай дээр харах нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Эцэг эх маань ч гэсэн энд байна, тэд олны өмнө харагдах дургүй. Гэсэн ч дотны хүмүүс маань зодог тайлахад минь хамт байгаад би туйлын баяртай байна.” гэж Цонга нэмж хэлсэн юм. Цонга урт удаан хугацаанд хамгийн алдартай тоглогчдын нэг байсан бөгөөд энэ нэр хүнд нь түүний үе тэнгийнхний дэмжлэгээс тодорхой харагдаж байна. Гаэл Монфилс, Бенуа Паир, Ричард Гаскет зэрэг хэд хэдэн дотны найзууд нь хамт байлцсан бол Новак Жокович, Рафаэль Надаль, Рожер Федерер, Энди Мюррей нар түүнийг тоглогч, хүн талаас онцолж сэтгэлийн дэм болсон видео мессеж илгээсэн юм.

    Энэ тухай Цонга хэлэхдээ “Тоглогчид талбай дээр гарч ирэх талаар би мэдээгүй. Надад үнэхээр таалагдсан. Би эцэст нь уйлсан болохоор тэд бүгд маш их баяртай байна” гэж тэрбээр хошигножээ. "Энэ бол миний ой санамжинд үлдэх мөч, гэхдээ бүх зүйл маш хурдан боллоо... Миний нүд энд тэндгүй байсан. Би хаашаа явахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Дараа нь энэ үеийнхээ зургуудыг дахин үзэхэд миний сэтгэл маш их хөдлөх нь гарцаагүй. Би маш олон сайхан мөчүүдийг талбайн теннисний ертөнцөд өнгөрөөсөн. Миний хувьд хамгийн чухал зүйл бол эргэн тойрныхоо хүмүүстэй хамт амьдарч, заримдаа гуниг зовлон, аз жаргалыг хуваалцаж чаддаг байх явдал байсан гэж би боддог. Би эргэн тойрныхоо хүмүүстэй харьцаж байсан бүх харилцаагаа санах болно. Энэ л үлдэх болно” гэж тэрбээр хэлсэн байна. Тэрбээр 2012 оны 2-р сард мэргэжлийн теннисчдийн холбооноос (ATP) дэлхийд чансаагаараа 5-т бичигдэж байсан. Цонга ATP Tour-д ганцаарчилсан төрөлд 18 түрүү, түүний дотор 1000 онооны мастерс тэмцээнд хоёр удаа түрүү хүртсэн. Карьерийнхаа эхэн үед Цонга 2003 оны АНУ-ын нээлттэй тэмцээний өсвөрийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, 2007 оны ATP оны шилдэг тамирчин болж байсан. Түүний дараа 2008 оны Парисын Мастерс тэмцээнд анхны Мастер цол хүртэж, 2011 оны ATP финалд шалгарсан. 2012 оны Зуны Олимпод Цонга Михайл Ллодратай хамтран эрэгтэй хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн. 2014 оны Канадын нээлттэй тэмцээнд дөрвөн шилдэг арван тоглогчийг ялж, хоёр дахь удаагаа Мастер цол хүртэж байсан. Мөн Цонга 2011 оны Парисын Мастерс, 2015 оны Шанхайн Мастерс тэмцээний финалд шалгарсан. Үүн дээр нэмээд 2009 оны Шанхайн Мастерс тэмцээний хосын тэмцээнд хамтрагч Жулиен Беннетотой хамт түрүүлсэн. 2017 онд Цонга 2014 онд дэд аварга болсноос хойш 16 жилийн дараа Францыг анх удаа Дэвисийн цомд түрүүлэхэд тусалсан. Тэрбээр ийнхүү 2022 оны Францын нээлттэй тэмцээнд их спортоо албан ёсоор орхилоо...

    Н.Бэлгүүн