1998.02.11-д Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Ам бүл зургаа. Дээрээ хоёр ах, доороо нэг дүүтэй. Одоо эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Спортын удмын хувьд аавын том ах аймгийн цолтой хүн байдаг. Ээжийн талд ээжийн дүү сумын заан, ээжийн авга ахын хүүхэд нь аймгийн цолтой хүн байдаг.
2009 онд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 104-р сургуулиасаа оролцож, чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртэж байсан. Тэр тэмцээнээс урамшиж, 2009 оны намар “Тэмүүжин” спорт сургалтын төвд Гантөгс, Моломжамц, Эрдэнэбаяр гэсэн багш нараар анх чөлөөт бөх заалгаж, хичээллэж эхэлсэн. Энэ спортын татагдсан зүйл нь чөлөөт бөх урт, арвин түүхтэй спорт. Их нарийн хэвтээ, босоогоос хүний бүх бяр тэнхээ, ур ухааныг шалгасан тийм спорт. Чөлөөт бөхийн спортын утга учрыг ойлгоод 13 дахь жилдээ явж байна. Чөлөөт бөхтэй холбоотой хамгийн нандин, дурсамжтай үе гэвэл 2012 онд чөлөөт бөхийн спорт олимпын төрлөөс хасагдах гэж байсан. Улмаар тив, тивээрээ “Save Olympic Wrestling” гэдэг хөтөлбөр эхлүүлээд, чөлөөт бөхийн төрлийг олимпын наадамд үлдээхэд бүгд дуу хоолойгоо өргөсөн. Тухайн үед би чөлөөт бөхөөр хичээллээд гуравхан жил болсон байсан. Тэр хөтөлбөрт Монголын талаас чөлөөт бөхөө аваръя гэсэн постерийн зурагт миний уйлж байгаа зураг орсон. Тэр үеэс хойш 2017 онд олимпын тэтгэлэгт насанд хүрэгчдийн ангилалд хамрагдсан. Улсын аваргаас хүрэл медаль авсан байсан үе, тэтгэлэгт хамрагдсандаа баярлаж байсан. 2019 онд насанд хүрэгсдийн ДАШТ-ээс шагналт 5-р байрт орж, 65 кг-ийн жинд Монголоос олимпын эрхээ авсан. Эдгээр үеүдийг бодоод байхаар нандин байдаг. Чөлөөт бөхийн спортоо олимпын төрөлд авч үлдэхэд гар бие оролцсон, 2017 онд олимпын тэтгэлэгт багтсан нь ч их сонин, олзуурхууштай байдаг. 2019 онд дэлхийн аваргын тэмцээнээс олимпын эрхийг авчирсан нь ар, араасаа их утга учиртай санагддаг.
Тэмцээний өмнө дуу сонсож эсвэл найз нөхөдтэйгөө маазарч сатаардаг. Яг дэвжээнд гарахын өмнө, барилдахаас 20-30 минут орчмын өмнө дуугаа болиод төвлөрөхийг хичээдэг. Төвлөрч гарвал барилдааны үр дүн илүү байдаг. Дууны хувьд гадаад, дотоодын олон төрлийн дуу сонсоно. Зохиолын дуу бас сонсоно.
Спортоос дотнын найз олон. Найзуудтайгаа тал, талаар юм ярьж өрсөлдөнө, суралцана. Уул, хаданд хамт гарна. Дугуй унана. Үндэсний бөхөөр барилддаг найзуудынхаа барилдааныг бөхийн өргөөнд очиж үзнэ. Үндэсний бөхийг судлах дуртай.
Крашлаж байсан хүмүүс гэвэл бага байхдаа “Адтай Жаалууд”-ын Ялгууныг зурагтын цаанаас крашладаг байсан. Сүүлд гэвэл Балжидмааг крашладаг байсан. Одоо хоёуланг нь крашлахаа больсон.
Мундаг, сайн тамирчдын харизм, сэтгэл хөдлөл, ярьж хэлж байгаа болгоныг судалдаг. Тамирчдыг ер нь хардаг, өөртөө авахыг нь авдаг. Чөлөөт бөхийн спортоос Оросын Абдул Рашид Садулаев гээд 1996 оны манай үеийн залуугийн барилдаанд дуртай, үлгэр дуурайлал авдаг. Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн таван удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга залуу. Байгаа байдал нь их цэмбэгэр. Бэлтгэлээ хийж байгаа нь адуун сүрэг дотор азарга орж ирж байгаа юм шиг бэлтгэл, сургуулилтаа мундаг хийдэг. Тэр тамирчнаас суралцах зүйл их санагддаг.
Эмэгтэй хүний юмыг сайн ойлгож, тунгаадаг болон наанатай, цаанатай боддог, мэдрэмжтэй талд нь дуртай. Өөрөө ч гэсэн хоёр охинтой болохоор мэдрэмжтэй, сэтгэл сайтай өсгөхийг хичээдэг. Эхнэрийнхээ надад гаргаж байгаа халамж, хайранд нь дуртай. Өөрийнхөө цаг завыг золиослоод, ар гэрээ сайхан авч явдагт нь маш их баярладаг.
Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 23 насны Ази тивийн аварга, 2021 оны Токиогийн олимпод 65 кг-д Монгол улсаа төлөөлөн оролцсон. Мөн 2022 оны хагаст дэлхийн чансааг тэргүүлж байсан. Цаашид 2023 оны дэлхийн аварга болон 2024 оны Парисын олимпод бэлдэж байна.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг унших боломж гарах байсан бол надад хамгийн их цаг зав, сэтгэл зүрхээ зориулдаг эхнэрийнхээ бодлыг л уншиж үзэх байсан. Бодлыг нь уншаад өөрийг нь хүсэж, мөрөөддөг зүйлсийг нь биелүүлж өгөхийг хичээх байсан.
Чөлөөт цагаараа дугуй унаад, уул хадаар явах дуртай. Мөн Монгол орноороо аялах дуртай. Найз нөхөдтэйгөө бильярд тоглох, караокедох дуртай.