MSports logo
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “Үндэсний шигшээ багийн тамирчдын төсвийг 75 хувиар хасаж байгаад харамсалтай байна”
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 9

  • Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “Үндэсний шигшээ багийн тамирчдын төсвийг 75 хувиар хасаж байгаад харамсалтай байна”

    2025 оны улсын төсвөөс хэд хэдэн салбарын төсвийг танаж буй. Үүний нэг нь Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ болон Үндэсний шигшээ багийн тамирчид мэдэгдэл хийв.

    МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ:

    “Би жилд төлөвлөгөөний дагуу зургаан тэмцээнд оролцох ёстой байдаг. Хэрэв ингээд төсөв таначихвал ганцхан тэмцээнд орж чадахаар байна. Тамирчид эрхийн тэмцээнд оролцохоор яваад хэрвээ авч чадахгүй бол мөнгийг нь буцаагаад авдаг. Олимп, Дэлхийн тэмцээнд оролцоход олон тэмцээнд оролцож эрхээ авах хэрэгтэй. Төсөв танавал тэмцээнүүддээ оролцож чадахгүй болж байна”
    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “Үндэсний шигшээ багийн тамирчдын төсвийг 75 хувиар хасаж байгаад харамсалтай байна”

    МУГТ Г.Болор-Эрдэнэ

    “Паралимп, Олимпын наадамд олон бүрэлдэхүүнтэй оролцохын тулд төсөв мөнгө хамгийн чухал. Аль болох дөрвөн жилийн хугацаанд олон тэмцээнд оролцож, оноогоо баталгаажуулах хэрэгтэй. Төсөв 75 хувиар танавал өмнө нь гаргасан амжилтаа бататгаж чадахгүй. Төсөв танана гэдэг мэдээ тамирчин бид нарт хүнд цохилт болж байна.”

    ОУХМ О.Есүгэн “Бусад орны тамирчдын хангамж үнэхээр өндөр түвшинд байдаг. Олон улсын тэмцээнд л гэхэд тухайн жингийн топ хоёр гурван тамирчин ирж тоглодог бол манайхаас ганцхан тамирчин чадан ядан оролцдог. Тэгж чанартай оролцож байгаа орны тамирчид л өндөр амжилт гаргадаг юм байна лээ. Ер нь тийм тамирчдыг хараад атаархал төрдөг. Төсвөөс болж оролцох тэмцээндээ орж чадахгүй болж байгаа тамирчдад хүнд мэдээ болж байна. ”

    Энэ жил зуны олимпын наадамтай жил учир өндөр дүнтэй төсөв тавьсан гэх мэдээлэл буй. Гэхдээ тамирчид дөрвөн жилийн циклд өндөр амжилт үзүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж өвөл, зуны Олимпын наадамд амжилт үзүүлдэг тул зөвхөн Олимпын наадамтай жил өндөр төсөв баталж, цаашлаад тамирчдаасаа амжилт нэхэх нь өрөөсгөл юм. Ямар ч спортын тамирчин амжилт гаргахад бэлтгэл сургуулилт, Дэлхийн чансааны оноо, Тив Дэлхийн наадамд оролцож туршлага хуримтлуулах хэрэгтэй байдаг. Тэгвэл ирэх жилээс төсвөө тануулсан тамирчдаас бид хэрхэн амжилт нэхэж чадах билээ.