MSports logo
Дайсон Даниелс: "Нью Орлеанс Пеликанс бол хараагдсан баг"
  • Э
    Эрмүүн

    12 сарын 16

  • Дайсон Даниелс: "Нью Орлеанс Пеликанс бол хараагдсан баг"

    Өнгөрсөн зун Нью Орлеанс Пеликанс багаас Дежонте Муррэйн солилцооны хавчуургад нь явж Атланта Хоксд очсон Дайсон Даниелс энэ улирал шинэхэн багтаа тун сайн идээшиж сэлгээний тоглогчоос гарааны чухал хамгаалагчийн байр сууринд ирж өсөн дэвжээд байгаа билээ.

    Тэгвэл 21 настай Авсрали залуу хуучин баг болох Пелинксын тухай ингэж хэлж ээ:

    "Энэ баг бүрэлдэхүүн бол бүхэлдээ хараагдсан баг. Шинэ улирал болгон л тэнд ямар нэгэн бэртэл гэмтэл дагуулсаар ирсэн. Тэнд байхгүй байгаадаа би маш их баяртай байна. Би Пеликансд байх хугацаандаа бараг 4-5 удаа шагайгаа гэмтээж байсан. Тэнд яалт ч үгүй ямар нэгэн далдын зүйл хүчин нөлөөлөөд байдаг юм шиг санагддаг. Шөрмөс, өвдөг, шагай, бугуй, тархи доргилт гээд байж болох бүхий л гэмтэл тэнд байна. Яагаад ийм байдгийг би ёстой мэдэхгүй юм. Зүгээр л хэтэрхий хүчтэй, ширүүн тоглоод байдаг юм болов уу?"

    Үнэхээр л энэ багт улирлын хамгийн эхний тоглолтоос л тэдэнд азгүйдэл тохиож эхэлсэн. Атлантад ноднин жил эрүүл саруул боломжит 82 тоглолтоос 78-д нь оролцоод солилцоогоор ирсэн Дежонте Муррэй улирлын хамгийн анхны дебют тоглолт дээрээ шууд л гарын ясаа цуулсан байдаг.

    Яг одоогийн байдлаар тэд өнөөдөр Индиана Пэйсерсд ялагдал хүлээж 5-22 гэсэн аймшигтай муу амжилттайгаар бүсийнхээ адагт явж байна. Зион Уиллиамсон - шөрмөс, Брэндон Инграм - шагай, Хосе Алварадо - шөрмөс, мөн Хөрб Жонс, Трей Мөрфи зэрэг үүргийн тоглогчид нь бэртлээс ирээд удаагүй байна.

    Дайсон Даниелс: "Нью Орлеанс Пеликанс бол хараагдсан баг"

    2022 онд 8 дахь сонголтоор сонгогдож ердөө хоёр дахь жилдээ тоглож буй Дайсон Даниелс энэ жил Вембигийн ардаас орж ирэх шилдэг хамгаалан тоглогчийн шагналд (DPOY) хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Тэрээр Хоксийн гарааны үндсэн хамгаалагчийн байр суурийг бататгаж 13.4 оноо, 5.1 самбар, 3.4 дамжуулалт, хамгийн гол нь 3.0 бөмбөг таслалт дундажлаж (нийт 73 б.тас) байгаагаар Лигийг хол тасархай тэргүүлж байна.

    Тэрээр Хоксийг NBA-н цомын тэмцээний хагас шигшээд шалгарахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Никсийн эсрэг тоглохдоо Жэйлен Брансоныг тоглолтын турш хамгаалалтаараа дарамталж түүнийг ердөө 14-хөн оноо авхуулж 15 довтолж 5-ийг нь л амжилттай болгосон байна.

    Өөрийн хамгаалалтын арга барилын талаар:

    "Миний нүдний хараа гар луу дамжуулж байгаа мэдээлэл маш хурдан байдаг тул би бөмбөгийг чиглэж байгаа зүгийг нь тооцоолж гараа явуулан довтолж буй тамирчныг тухгүй байдалд оруулж, тэр болгон хийдэггүй зүйлийг нь хийхэд хүргэдэг. Улмаар бөмбөгийг нь таслахад амар болдог" гэж тайлбарласан байна.

    Дайсон Даниелс: "Нью Орлеанс Пеликанс бол хараагдсан баг"