MSports logo
Леброн Жэймс НБА-ын түүхэнд 39.000 оноо давсан анхны тоглогч боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 22

  • Леброн Жэймс НБА-ын түүхэнд 39.000 оноо давсан анхны тоглогч боллоо

    Өнгөрсөн онд аль хэдийн бүх цаг үеийн онооны аварга болсон Леброн Жэймс өнөөдөр Юта Жазз багтай хийсэн тоглолтод замналынхаа 39.000 дахь оноонд хүрч түүхэн амжилтаа шинэчилсээр байна. Лос Анжелес Лэйкерс баг талбайдаа Юта Жаззыг хүлээн авсан ба 131:99 харьцаатай хожиж 9-6 амжилттайгаар бүсийнхээ 6-р байрт жагсаж байна. Тоглолтын эхний үед Леброн Жэймс 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэн эрч хүчтэй эхлүүлж 24 минут тоглохдоо 17 оноо авсан байна. 

    Леброн Жэймс НБА-ын түүхэнд 39.000 оноо давсан анхны тоглогч боллоо

    Тоглолтын дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Надад багийнхан болон дасгалжуулагч нар 39.000 оноонд хүрлээ хэмээн баяр хүргэсэн. Гэхдээ тоглолтод хожиход энэ нь яг ямар хэрэгтэй гэдгийг сайн ойлгохгүй байна. Энэ лигт анх алхан ороход л маш олон гайхалтай тоглогчид, маш олон гайхалтай мэргэн буучид байсан. Ямар нэг зүйлийг хийж сураад түүнийхээ оройд нь гарна гэдэг гайхалтай цаг мөч шүү дээ” хэмээн хэлсэн байна. Өдгөө 38 настай Леброн Жэймс энэ улиралд 26.4 оноо, 8.2 самбар, 6.5 оновчтой дамжуулалт дунджилж, 21 дэх улиралдаа элит түвшинд тоглосоор байна. Энэ эрчээрээ гэмтэл бэртлээс холуур тоглосоор байвал улирлын төгсгөлд 40.000 оноонд хүрэх боломжтой.