Газрын теннисийн домогт тамирчдын нэг Рафаэль Надаль мэргэжлийн замналынхаа сүүлчийн тэмцээндээ оролцлоо. Тэрбээр Дэвисийн цомын тэмцээнд үзэгчдийн алга нижигнүүлсэн ташилт, түүнээр бахархсан их уухайн дунд сүүлчийн тоглолтоо нүдэндээ нулимстай хийсэн байна. Тэрбээр Испанийн шигшээ багаа төлөөлөн Ботик Ван Де Зандшулп, хосын төрөлд Алькараз, Граноллерс нартай мөр зэрэгцэн тоглосон юм.
Испанийн “Ууртай бух” хочит, “Их дуулга”-ын 22 удаагийн аварга Рафаэль Надаль 11-р сард сүүлийн тэмцээндээ оролцсоны дараа эх спортоосоо зодог тайлна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Өдгөө 38 настай Надаль Францын нээлттэй тэмцээнд 14 удаа түрүүлж, 22 удаа Их дуулгад түрүүлж, өөрийн нэрээ дэлхий дахинаа дуурсгасан билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бэртлээс болж олон тэмцээнийг өнжсөн ба зуны олимпын өмнө энэ жил түүний тоглох сүүлчийн жил байх болно гэдгээ мэдэгдсэн юм.