Канадын ахлах дасгалжуулагч Клод Жулиен Швейцарьт бэлтгэлийн баазад хавиргаа хугалсны улмаас 2022 оны Бээжингийн олимпод ажиллах боломжгүй боллоо. Түүний оронд хоккейн Канадын эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар Жереми Коллитоныг томилжээ. Канадын хоккейн багийн зүгээс Жулиен бэлтгэлийн баазад баг бүрдүүлэх ажиллагааны үеэр мөсөн дээр хальтирсны улмаас бэртэл авсан гэж мэдэгдэв. Эмнэлгийн ажилтнууд түүнийг Наадамд оролцохоор нисэх боломжгүй гэж зөвлөсөн тул Канадын хоккейн багийг орлох дасгалжуулагч хайж олоход хүргэсэн байна.
Жулиен 1-р сарын 14-нд тус наадмын ахлах дасгалжуулагчаар батлагдсан. Тэрбээр 2014 оны Сочи Олимпоос Канадын шигшээ баг алтан медаль хүртэхэд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Жулиен мөн 2011 онд Бостон Брюинс багийн хамтаар Үндэсний хоккейн лигийн (NHL) Стэнлийн цомд түрүүлсэн бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас Монреал Канадиенсийн ахлах дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан. Харин түүний оронд ахлах дасгалжуулагчаар томилогдсон Коллитон анх Жулиений тус наадамд оролцох туслахуудын нэгээр сонгогдож байсан ч одоо ахлах дасгалжуулагчийн албан тушаалд очлоо. Багийн ерөнхий менежер Шэйн Доан хэлэхдээ "Жулеан Клод Олимпод Канадын багийн гишүүн болсондоо үнэхээр их баярлаж, бахархаж байсан.
Тэр цаашид Бээжинд манай багийг удирдах боломжгүй болсонд бид бүгд сэтгэл дундуур байна. Клод маш сайхан сэтгэлтэй бөгөөд бид түүнийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно. Одоогоор бид Клодын хувийн нууцыг хүндэтгэхийг хүсч байна. Бид туршлагатай дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байгаа нь азтай бөгөөд Жереми бол авъяаслаг, залуу дасгалжуулагч, түүнийг урт удаан карьер хүлээж байна. Бид Жеремийг энэ сорилтыг даван туулахад баяртай байгаа ч Клод биднийг алхам тутамдаа дэмжиж байх болно гэдгийг мэдэж байгаа бөгөөд түүнийг хурдан эдгэрэхийг хүсч байна." гэжээ. Канадын хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ баг нь 1920, 1924, 1928, 1932, 1948, 1952, 2002, 2010, 2014 онд өвлийн олимпоос алтан медаль хүртэж, 1936, 1960, 1992, 1994 онд мөнгө, 1956, 1960, 2018 онд хүрэл медаль хүртсэн билээ. Канад улсын олимпийн багийн тамирчид өнгөрөгч баасан гарагт Бээжин хотод ирээд байгаа юм.