МУГТ Э.Цэндбаатарыг Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахыг Боксын холбоо өнөөдөр зөвшөөрлөө.
Тайландын нийслэл Бангкок хотноо 2024 оны 5-р сарын 23-наас 6-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Энэ тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) олимпод оролцох эрх авна. Үүнээс өмнө Монголын сонирхогчдын боксын холбоо сорил тэмцээнийг зохион байгуулж, Тайландыг зорих тамирчдыг тодруулах юм.
Монгол улсын хувьд одоогоор Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн эрхээ аваад байна. Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд манай улсаас О.Есүгэний -50 кг-ээс бусад жинд буюу эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд тамирчид өрсөлдөнө.
Э.Цэндбаатар АНУ-д мэргэжлийн боксоор 9 хожилтой яваа ба 4-р сард Монголдоо ирж, Монголын сонирхогчдын боксын холбооноос зохион байгуулах сорил тэмцээнд оролцож, шалгарвал Тайландыг сорьж эрхийн тэмцээнд орох юм.