Финикс Санс багийн супер од Кевин Дурант NBA-ийн бүх цаг үеийн онооны жагсаалтад дахин нэг шат ахилаа. Өнөөдөр болсон Финикс Санс болон Филаделфиа 76ерс багуудын хоорондох тоглолтын 3-р үед хийсэн дундын зайн шидэлтээрээ О’Нилийн 28,596 оноог гүйцэж, бүх цаг үеийн жагсаалтын 8-р байрт бичигдэж эхлэв. Тус тоглолтод Финикс Санс Филаделфиа 76-г 115:102-оор хожсон ба Дурант 22 оноо авч, нийт замналдаа 28,610 оноо авлаа.
Кевин Дурант зөвхөн энэ улиралд Хаким Олажуон, Элвин Хэйс, Мозес Мэлоун, Кармело Энтони, Шакил О'Нил нарыг ээлж дараалан оноо авалтаараа гүйцэж байна.
Одоо Кевин Дурант дараах NBA-ийн домгуудын ард бичигдэж байна.
1. Леброн Жэймс (40,179)
2. Карим Абдул-Жабар (38,387),
3. Карл Мэлоун (36,928),
4. Коби Брайант (33,643).
5. Майкл Жордан (32,292),
6. Дирк Новицки (31,560),
7. Уилт Чамберлэйн (31,419) зэрэг тоглогчдын ард явна. Түүний хувьд энэ улиралд дээр байгаа тоглогчдын амжилтыг эвдэх хараахан боломжгүй ч ирэх улиралд зургаадугаар байрт дэвшин орох боломжтой хэмээн үзэж байна.