Өнөөдөр буюу 2024.01.29-ний өдөр Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн талбайд 3 тоглолт болж өнгөрлөө. Эрэгтэй багуудын хувьд ПО-ын цуврал энэ өдөр эхэлсэн бөгөөд 1-р шатанд учраа таарсан багуудаас олон жилийн түүхтэй, хүч ойролцоо 4 болон 5-р байраар гарсан BCH Гарьд болон Хасын Хүлэгүүд багийн хооронд болж байгаа нь сагсан бөмбөг сонирхогчдын дунд эхний шатны хамгийн сонирхолтой учраа болоод байна.
Хүлэгүүд багийн гол тоглогч А.Ананд энэхүү тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн. Тоглолтын эхний хагаст Хүлэгүүд баг 15 онооны илүүтэй тоглолтыг илүүрхэж байсан бөгөөд эхний хагасыг 45-34 буюу 11 онооны зөрүүтэйгээр хожиж дуусгасан. Гэвч 3-р үед ердөө 13 оноо авч эсрэг багтаа 28 оноо алдаж маш муу үеийг өнгөрүүлсэнээр онооны зөрүү 4-9 хооронд байсаар эцэст нь 86-79 харьцаатайгаар BCH Гарьд баг цувралын эхний хожлоо авлаа.
Гарьд баг эхний хожлыг авахад юу нөлөөлөв:
Статистик үзүүлэлтээс харахад Гарьд баг багаараа 47 /17 довтолгооны самбар/ авч эсрэг багаас 15-аар илүү байгаа нь самбарын давуу тал тэдэнд байж хожилд хөтлөх шалтгаан болсон. Самбарын давуу тал тэдэнд байсан нь өөр бас нэг үзүүлэлтээс харагдаж байгаа нь Хасын Хүлэгүүд багийн самбарын тоглогч нар 2,3-р үед 3, 4 алдаа хийж дахин алдаа гаргавал тоглолтоос чөлөөлөгдөх учир самбарын хамгаалалтыг сулруулсан, мөн Moss Justin, Гангын Билгүүн нар 5 алдаатай тоглолтыг чөлөөлсөн зэргээр самбарын давуу тал BCH гарьд багт байлаа.
Мөн 2-р хагасыг маш сайн эхлүүлж 11 онооны зөрүүг арилгаж 4 онооны зөрүүтэй дуусгаж давуу талыг өөрсдөдөө бий болгосон. Бусад үзүүлэлтийн хувьд төдийлөн зөрүүтэй бус тухайлбал: 2 баг 3 онооны шидэлт Гарьд 4/17, Хүлэгүүд баг 5/16, довтолгооны хувь Гарьд 26/64 /40 хувь/, Хүлэгүүд баг 25/59 /42.4 хувь/, 2 баг 2-уулаа 18 удаа бөмбөгөө алдсан, будагтай талбайгаас Гарьд 38 оноо 19/39, Хүлэгүүд 38 оноо 19/35 зэргээр бусад үзүүлэлтийн хувьд аль нэг баг нь хол илүү байсангүй. Самбараас бөмбөг авалтаар илүү байснаар 2 дахь боломжийг өөрсдөө бүрдүүлж 5 довтолгоо илүү гүйцэтгэж, 4 удаа илүү алдаа авч чөлөөт шидэлтээ багаа сайн гүйцэтгэснээр /30/36-83.3 хувь/ өнөөдрийн тоглолтонд ялалт авч цувралыг BCH Гарьд баг 1-0 болгон хушуучилж эхэллээ.
Ямартаа ч 4-р байраар гарсан баг эхний хожлоо авч эхлүүлж байгаа нь Апсет болоогүй гэж үзэж болох хэдий ч Хасын хүлэгүүд багийн хувьд эхний тоглолтын алдаагаа ярилцаж дараагийн тоглолтонд илүү хүчтэй эргэн ирэх боломжтой нь эхний тоглолтоос харагдаж байна. Цаашид цуврал улам бүр сонирхолтой болох магадлалтай, эхний шатны маш ширүүн тулаан биднийг хүлээж байна.
Уг тоглолтонд:
BCH Гарьд багаас Э.Дөлгөөн 21 оноо, 13 самбар, 2 таслалт, 1 блок үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол Lucas Kalin 20 оноо, 5 самбараар түүнд тусалж багтаа ялалт авчирсан байна.
Хасын Хүлэгүүд багаас Б.Билгүүн 18 оноо, 2 самбар авч багаа тэргүүлсэн бол Moss Justin 15 оноо, 3 самбар авсан байна.
Зургийг: Үндэсний Дээд Лиг facebook page-ээс