MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛХИЙН АВАРГА ТОДОРХОД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 28

  • САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛХИЙН АВАРГА ТОДОРХОД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ

    Австрали улсын Сидней хотод зохиогдож байгаа Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн есдүгээр сарын 22-ноос, аравдугаар сарын нэгэн хүртэл зохиогдох хуваарьтай байгаа билээ. Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд энэ сарын 27-ны өдөр дуусаж, хасагдах шатны тоглолтууд өнөөдрийн 10 цаг 00 минутад тэмцээний чансааг тэргүүлэгч АНУ баг болон Сербийн багуудын хооронд болж 88:55 харьцаатай АНУ шөвгийн дөрөвт шалгарсан эхний баг болсон. Харин 14 цаг 00 минутад Канад улсын баг, түүхэндээ ДАШТ-ий хасагдах шатанд анх удаа шалгараад байсан Пуэрто-Рикогийн багийг 79:60 харьцаатай илүүрхэн хожиж дараагийн шатанд шалгарсан юм. Тэмцээнд Ази тивээ төлөөлөн ганцаараа үлдээд байсан БНХАУ-ын баг хасагдах шатны эхний тоглолтоо Дэлхийн чансааны №6 Францын багийг 85:71-ээр хожсон бол өнөөдрийн хаалтын тоглолт зохион байгуулагч Австрали улсын баг Европ тивийн сүүлийн найдвар Бельгийн улсуудын хооронд болж, Австралийн шигшээ 86:69 харьцаатай ялж “SuperDoma” цэнгэлдэхэд цугласан зургаан мянга гаруй хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барьсан билээ.

    Дэлхийн аваргын шөвгийн дөрвийн тоглолтууд энэ сарын 30-ны өдөр болох ба Дэлхийн арван удаагийн аварга АНУ-ын баг Канадын шигшээ багтай тоглох бол Зохион байгуулагч Австрали улсын баг БНХАУ-ын багтай тоглохоор оноолт таарчээ. Тус дөрвөн багийн хожсон багууд шигшээ тоглолтод шалгарч, хожигдсон багууд хүрэл медалийн төлөө 10 дугаар сарын нэгний өдөр тоглох юм.
     

     

                           Э.Мандалбаяр