Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу WNBA-ийн “Финикс Меркури” багийн төвийн тоглогч Бриттни Грайнер Парисын олимпод өрсөлдөх АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ тухай АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлэв.
Түүнчлэн Эйжа Уилсон, Келси Плам, Жеки Янг, Челси Грей /Лас-Вегас Эйсес/, Брианна Стюарт, Сабрина Ионеску /Нью-Йорк Либерти/, Дайана Таурази, Кали Коппер /Финикс Меркури/, Алисса Томас /Коннектикат Сан/, Нафиса Коллиер /Миннесота Линкс/, Жуэл Лойд /Сиэтл Шторм/ нар багтжээ.
Бриттни Грайнер 2022 оны хоёрдугаар сард Шереметьево нисэх онгоцны буудлаар ОХУ руу хууль бус бэлдмэл авч орохыг завдсан хэргээр баривчлагдаж, 9 жилийн хорих ял сонссоод байсан юм. 2022 оны 12 дугаар сард АНУ, ОХУ-ын талууд ялтан солилцох тохиролцоонд хүрч, Б.Грайнерыг Оросын Виктор Бутаар солилцсон билээ. В.Бутыг 2008 онд АНУ-ын талын хүсэлтээр Тайландад баривчилсан юм. Түүнийг АНУ-д террорист байгууллага гэж үздэг “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” гэдэг бүлэглэлд хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгасан байна. Баривчилснаас хоёр жилийн дараа В.Бутыг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сард түүнд 25 жилийн хорих ял, 15 сая ам.долларын торгууль оноожээ.