MSports logo
ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОДЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ИРЭХ САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
  • А
    Админ

    10 сарын 17

  • ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОДЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ИРЭХ САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

    АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн 1-р дивизонд “Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Одын тухай  SPS телевизийн бүтээж байгаа "MONGOLIAN MIKE" баримтат киноны эхний трейлер цацагдлаа. Монголд хийгдсэн анхны бүрэн хэмжээний 16 ангит спортын баримтат цуврал киноны эхний бүлгийг энэ арваннэгдүгээр сард, дараагийн бүлгийг 2023 онд үзэгчдийн хүртээл болгох юм байна. Ш. Энхийн-Од нь 12 настайгаасаа АНУ-д очиж, NCAA-ийн 1-р дивизонд тоглож байгаа анхны Монгол тамирчин билээ. Шаравжамцын Энхийн-Од нь 2002.08.17-нд АНУ-ын Аризона мужын Финикс хотод аав Шаравжамцыгаа АНУ-д тоглодог байхад төрсөн бөгөөд удалгүй Монголдоо ирж, хожим нь Америкт Монгол тамирчдын түүчээ болж мэргэжлийн багт, мэргэжлийн түвшинд тоглох болсон анхны тамирчин гэдгээрээ онцлогтой.

     

    Түүний амьдрал, өссөн орчин, гэр бүл, өдий хүртэлх түүх болон Энхийн-Одын аав, өвөөгийн тухай гурван үеийн түүх тус баримтат киногоор гарах юм. Ш.Энхийн-Од нь багадаа юмыг сонсож, мэдэх дуртай, хүний ярихад сониучирхаж сонсдог хүүхэд байсан тухайгаа дурсаж байсан бол одоо АНУ-д ганцаараа бие дааж, оюутны байранд байрлаж, Дэйтон хотын мэргэжлийн багт бэлтгэл хангаад зогсохгүй, давхар мэргэжлийн хичээлүүддээ шамдан, Монгол хүний нэрийг АНУ-ын NCAA-ийн 1-р дивизонд гаргахын төлөө хичээж, цаашид зорьсон олон зорилгынхоо төлөө хичээж яваа юм. Америкт гэр бүлээсээ хол байж, биеэ даах хамгийн хэцүү байгаа ч зорилгынхоо төлөө өдөр бүр хичээл, бэлтгэлээ хослуулан хичээж байгаа Ш.Энхийн-Одын тухай баримтат киног бид ийнхүү цувралаар үзэх боломжтой боллоо.

    Н.Бэлгүүн