MSports logo
КАРИМ БЕНЗЕМА ЗАМНАЛДАА АНХ УДАА ЕВРОПЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР НЭРЛЭГДЭЖ “АЛТАН БӨМБӨГИЙН” ЭЗЭН БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 17

  • КАРИМ БЕНЗЕМА ЗАМНАЛДАА АНХ УДАА ЕВРОПЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР НЭРЛЭГДЭЖ “АЛТАН БӨМБӨГИЙН” ЭЗЭН БОЛЛОО

    “Баллон д’Ор” шагнал гардуулах 66 дахь үйл ажиллагаа Парис хотын “Шателе театрт” болж Европын 2021-22 оны улирлын шилдэг эрэгтэй тоглогчоор Реал Мадрид багийн довтлогч Карим Бензема нэрлэгджээ. Энэхүү жагсаалтын хоёрт Байерн Мюнхэн клубийн довтлогч Саудио Манэ, гуравт Манчестер Сити клубийн хагас хамгаалагч Кевин де Брюйне нар эрэмбэлэгдсэн байна. Тэрбээр замналдаа анх удаа “Баллон д’Ор” шагналыг хүртэж байгаа бөгөөд, Франц улсаас тус шагналыг хүртэж байгаа тав дахь тоглогч, Реал Мадрид клубээс хүртэж байгаа найм дахь тоглогч болж байгаа билээ. Мөн өдгөө 34 настай Карим Бензема нь, 1956 оны “Баллон д’Ор” шагналын эзэн Стэнли Мэттьюсээс хойших хамгийн ахмад “Баллон д’Ор” шагналын эзэн болж байна.

    Карим Бензема: “Францын шигшээ багт багтаж чадаагүй үе миний хамгийн хэцүү үеүдийн нэг байсан. Гэхдээ би хэзээ ч хөдөлмөрлөхөө зогсоогоогүй, бас бууж өгөөгүй. Би анх удаа энэ шагналыг хүртэж байна. Энэ хүртэл туулсан замаа хараад өөрөөрөө бахархаж, үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Францын шигшээ болон Реал Мадрид клубийн хамтрагчид, дасгалжуулагч нартаа баярлалаа. Мөн надад баяр хүргэхээр ирсэн Лион клубийн захирал Жан-Мишель Ауласт баярлалаа” хэмээн шагналын тайзнаас сэтгэгдлээ хуваалцсан юм.“Баллон д’Ор” шагналыг өмнө нь Франц улсаас Рэймонд Копа(1958), Мишель Платини(1983-85), Жан-Пьер Папен(1991), Зинедин Зидан(1998) нар хүртэж байжээ. Энэ жилийн “Баллон д’Ор” шагналын санал асуулгаар Кристиано Роналдо 20 дугаар байранд жагссан бол Лионел Месси хараахан нэр дэвшээгүй билээ. Европын оны шилдэг хөл бөмбөгчийг тодруулдаг энэхүү шагналыг 2008 оноос хойш сүүлийн 13 “Баллон д’Ор” шагналын 12-ыг Лионел Месси(7), Кристиано Роналдо(5) нар хуваан хүртэж байсан юм.  

     

    Э.Мандалбаяр