Тажикистаны Хужанд хотод зургаан өдрийн турш үргэлжилсэн бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн тамирчид амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.
Монголын өсвөрийн бадминтончид Төв Азийн ААШТ-ээс гурван медаль хүртлээ
9 сарын 3
Энэ удаагийн тэмцээнд Иран, Туркменистан, Тажикистан, Киргизстан, Казахстан, Узбекистан, Монгол гэсэн долоон орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Харин Монгол Улсыг дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлага дор есөн тамирчин төлөөлж, U16 болон U19 насны ангилалд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.
Монголын багийн хувьд U16 насны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд О.Амин-Эрдэнэ, U19 насны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ү.Өсөх-Ирээдүй нар тус бүр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн U19 насны эрэгтэй хосын төрөлд Э.Тэмүүлэн, Ү.Өсөх-Ирээдүй нар амжилт үзүүлж, Монголын баг гурав дахь хүрэл медалиа хүртжээ.
Тус тэмцээн нь Монголын өсвөрийн тамирчдын хувьд Төв Азийн бүсийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, олон улсын тэмцээний туршлага хуримтлуулах, ур чадвараа сорих чухал боломж болсон байна.
Түүнчлэн “Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадамд эх орноо төлөөлөн оролцох О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нарын хувьд тус тэмцээн нь олон улсын түвшинд өөрсдийгөө сорьж, цаашдын томоохон тэмцээнүүдэд бэлтгэх чухал сорил боллоо.





