Япон Улсын Айчи муж болон Нагояа хотод зохион байгуулагдах Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 20 хоног үлдлээ. “Айчи-Нагояа 2026” Азийн наадам есдүгээр сарын 19-нөөс, 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн наадам “Imagine One Asia” уриан дор зохион байгуулагдана.
Азийн наадамд Монголын 303 тамирчин өрсөлдөнө
9 сарын 1
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 31 спортын төрөлд нийт 303 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. Монголын багийн бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээг Монголын Үндэсний Олимпын Хорооноос COP17 цогцолборын “Монгол Улсын өргөө” гэрт зохион байгууллаа.
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин П.Энххүслэн нар барин оролцоно.
Тэд Нагояа хотод болох наадмын нээлтийн үеэр Монголын баг тамирчдыг төлөөлөн төрийн далбаагаа мандуулах юм. Ийнхүү спортын өөр өөр төрлөөр эх орноо төлөөлж буй хоёр тамирчин Монголын багийн тугчийн хүндтэй үүргийг хүлээж байна.
Монгол Улс өмнөх “Ханжоу-2022” Азийн наадамд 34 спортын төрөлд 400 гаруй тамирчин оролцуулж, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл буюу нийт 20 медаль хүртсэн. Улмаар багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан юм.
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны, бүс нутгийн тамирчид оролцоно. Урьдчилсан бүртгэлээр 11 мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байгаа нь тус наадмыг Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой тэмцээнүүдийн нэг болгохоор байна.
Энэ удаагийн наадмын хөтөлбөрт нийт 43 спортын төрөл, 71 төрөлд өрсөлдөөн явагдахаар төлөвлөгдсөн бөгөөд Монголын 303 тамирчин тэдгээрээс 31 спортын төрөлд хүч сорих юм.
Япон Улсын хувьд Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ. Өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотууд Азийн наадмыг хүлээн авч байсан түүхтэй.
Ийнхүү тивийн шилдэг тамирчид Нагояа болон Айчи мужид цуглаж, Азийн спортын хамгийн том наадмын нэгэнд өрсөлдөхөд 20 хоног үлдээд байна. Харин Монголын 303 тамирчин эх орныхоо нэрийг тивийн дэвжээнд өндөрт өргөж, өмнөх наадмын амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Гэрэл зургийг: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC





