MSports logo
АЙЧИ-НАГОЯА 2026: Msports.mn Азийн спортын их наадмыг Японоос сурвалжилна
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 2

  • АЙЧИ-НАГОЯА 2026: Msports.mn Азийн спортын их наадмыг Японоос сурвалжилна

    Азийн спортын дэвжээнээ тивийн шилдгүүд чуулдаг “Айчи-Нагояа 2026” Азийн наадам эхлэхэд 17 хоног үлдлээ. Энэ удаагийн Азийн спортын их наадам 9-р сарын 19-с 10-р сарын 4-ний өдөр хүртэл Японы Айчи муж, Нагояа хотод үргэлжилнэ Тус наадамд 45 Үндэсний олимпын хорооны 15.000 гаруй тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монгол улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөх юм. Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгч амжилт хүсэв.

    Монголын баг тамирчдын амжилтыг Японоос хүргэнэ

    АЙЧИ-НАГОЯА 2026: Msports.mn Азийн спортын их наадмыг Японоос сурвалжилна

    Монгол Улсын баг тамирчид Азийн наадамд оролцож, спортын олон төрөлд өрсөлдөх бөгөөд тамирчдын тэмцээн, бэлтгэл, амжилт, онцлох мөчүүдийг Msports.mn газар дээрээс нь сурвалжилж, Монголын спорт сонирхогчдод шуурхай хүргэнэ. Монголын тамирчдын тоглолт, уралдаан тэмцээний үр дүн, ярилцлага, фото сурвалжилга, онцлох агшин, дүн шинжилгээ болон мэдээ мэдээллийг Айчи-Нагояагаас хүргэх юм.

    Ази тивийн спортын шилдгүүд Нагояад

    “Айчи-Нагояа 2026” нь 16 хоног үргэлжлэх бөгөөд Азийн өнцөг булан бүрээс тамирчид цуглаж, спортын олон төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Наадмын гол зорилго нь Азийн улс орнуудын спортын өрсөлдөөнөөс гадна харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.

    Msports.mn — Айчи-Нагояа 2026 Азийн наадмыг Японоос сурвалжилна.


    Гэрэл зургийг: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC