MSports logo
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг маргааш талбайдаа Афганистаны эсрэг хариу тоглолт хийнэ
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 16

  • Монголын хөлбөмбөгийн шигшээ баг маргааш талбайдаа Афганистаны эсрэг хариу тоглолт хийнэ

    2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны тоглолтоо Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 10-р сарын 12-нд Тажикстан улсад хийсэн бол хариу тоглолтоо 10-р сарын 17-ны 15:00 цагаас Монгол улсад Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд Афганистан улсын шигшээ багтай хийнэ. Афганистан улсад улс төрийн үймээнтэй байгаа учир хоёр багийн эхний тоглолт Тажикстан улсад болоход манай шигшээ баг эхний үед 0-0-ээр тэнцсэн. Харин хоёрдугаар үед улаан картнаас эхлээд тоглолтын агуулга болон үр дүнгүүд манай багийн хүссэний дагуу болоогүй билээ. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан карт авснаар талбайдаа болох тоглолтод оролцох эрхгүй болсон. Улмаар манай шигшээ багийн ахлагчийн үүргийг энэхүү тоглолтод О.Мөнх-Оргил гүйцэтгэхээр болжээ. 

    Монгол болон Афганистан улсуудын шигшээ багийн хариу тоглолтын өмнөх уулзалт болон хэвлэлийн хурал өнөөдөр МХБХ-ны байранд явагдлаа. Ингэснээр маргааш буюу 10-р сарын 17-ны 15:00 цагаас МХБХ-ны талбайд тоглолт явагдахад бэлэн болж байна. Манай баг 1-0-ийн харьцаатайгаар эхний тоглолтод хожигдсон учраас хариу тоглолтод 2 гоол оруулж, хожих даалгавартай болоод байна. Хөлбөмбөг дэмжигчид та бүхнийг МХБХ-ны талбайд мягмар гарагт цуглаж, үндэсний шигшээ багаа дэмжихийг уриалж байна.