MSports logo
Италийг зорих өсвөрийн гурван хөлбөмбөгчид тодорлоо
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 13

  • Италийг зорих өсвөрийн гурван хөлбөмбөгчид тодорлоо

    Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчид Монголд хүрэлцэн ирж “Itallian soccer camp” зуны сургалтыг явууллаа. Сургалтад хөлбөмбөгийн спортыг шимтэн сонирхогч 8-14 насны 120 хүүхэд хамрагдсан юм. Тав хоног үргэлжилсэн зуны сургалт өнөөдөр өндөрлөж, шилдэг гурван хүүхэд Италийг зорих боллоо. Төслийн зохицуулагч О.Баяржаргал “Манай улс 12 жилийн өмнө хүүхдийн хөл бөмбөгийн зуны сургалтыг үнэ төлбөргүй, хувцас хэрэглэлийн бүрэн хангамжтайгаар явуулж байсан.  Энэ жилээс Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран сургалтаа хоёр дахь удаа амжилттай хэрэгжүүллээ. Бид ур чадвараас илүү тухайн хүүхдэд хөл бөмбөгийн спорт хэр үнэ цэнтэй гэдгийг ойлгуулах нь чухал гэж үзсэн. Монголын хөл бөмбөгийн  ирээдүй хойч үеийг бэлтгэх, дэлхийд өрсөлдөхүйц ур чадвартай болгох энэ сургалт жил бүр хэрэгжинэ” гэжээ. Дасгалжуулагч Бенчивенга Мауро “Монголд анх удаа ирж, хөл бөмбөгийн спортод  хайртай,  хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхдүүдтэй уулзсандаа баяртай байна. Авьяастай хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрд бий.  Монголд ч ирээдүйн авьяаслаг хөлбөгчид олон байгааг харлаа. Би олон орны хөл бөмбөгчдийг дасгалжуулсан. Монгол хүүхдүүд хурдаараа хавь илүү юм. Ийм хурдан шаламгай хүүхдүүд Монголд л байдаг байх” гэсэн юм. Ч.Энхсүлд “Итали дасгалжуулагчдын нүдэнд өртөж, өөр олон орны хүүхдүүдтэй хурд хүчээ үзэх сэн гэж өөрийгөө их дайчилсан. Бэлтгэлдээ хамгийн түрүүнд ирж, дасгалжуулагчдын зөвлөгөөг тухай бүр нь засаж хэрэгжүүлсэн. Энэ хичээл зүтгэл минь үнэлэгдэж, шилдэг гурван хүүхдийн нэг болсондоо баяртай байна. Ирээдүйд мэргэжлийн хөл бөмбөгчин болох мөрөөдлөө нэг алхам урагшлууллаа” гэж ярив.  Д.Анхням “Сургалтад хамрагдсан эхний өдрөөсөө л би Италийг зорино гэдэгтээ итгэлтэй байсан. Учир нь би хөл бөмбөгт маш хайртай. Итали дасгалжуулагч Лионель Месси шиг тамирчин болоорой гэсэн нь надад том урам өглөө. Би ирээдүйд заавал хамгийн сайн мэргэжлийн тамирчин болно” гэв. “Itallian soccer camp” зуны сургалт дэлхийн 30 гаруй оронд хэрэгжиж, жил тутам 200 орчим хүүхэд Италийг зорьдог аж.  Тэд өөрсдийн хурд хүч, ур чадвараараа өрсөлдөн дахин шалгаруулалтад орж, хоёроос гурван хүүхэд Италийн хөл бөмбөгийн багтай онцгой гэрээ байгуулах юм. Манай улсаас шалгарсан гурван хүүхэд ирэх сард Италийг зорино.