MSports logo
Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 11

  • Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг

    19 дэх удаагийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин, Япон, Индонез улсад амжилттай зохиогдож Герман улс цоо шинээр Аварга болж 2023 оны шилдэг шигшээ багаар тодорлоо. Манила хотын цэнгэлдэх хүрээлэнд Серби болон Германы шигшээ энэ удаагийн аварга хэн болох оо үзэх гэж 10 мянга гаруй үзэгчдийн өмнө нүүр тулсан. Тоглолтын эхнээс л ордны уур амьсгал гайхалтай байсан нь Филиппин улсын иргэд сагсан бөмбөгт ямар хайртай болох нь анзаарагдаж байлаа. 

    Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг

    Эхний хагаст эн тэнцүүхэн өрсөлдөж 47-47 харьцаатай өндөрлөв. Эхний хагсын гол баатар нь Сербийн шигшээ багийн хамгаалагч Богдан Богданович байж аль хэдийн 15 оноо аваад байв. Харин хоёрдугаар хагаст Германы хамгаалалт, довтолгоо аль аль нь нягт байж, будагтай талбайд илүүрхэж 33/22 гэсэн довтолгооныг үзүүлэв. Германы том залуучууд ажлаа сайн хийж, ах дүү Вагнер нар нийлээд 27 оноо, 11 самбар авсан байна. Эхний хагаст гайхалтай тоглосон Богдан Богдановичийг хамгаалах аргыг хоёрдугаар хагаст аль хэдийн олж хоёрхон оноо түүнд алдав. Сербийн багаас ганцхан хүн л хожигдохыг хүсэхгүй байсан гэлтэй бүхий л цаг үед тэднийг амьтай байлгав. Тэр нь багийн холбон тоглогч Алекса Аврамович. Тус тоглолтод 21 оноо авсан ба дөрөвдүгээр үед 13-г нь цуглуулжээ. Гэсэн ч эцсийн мөчид Германы багийн тоглолт, будагтай талбайн оноо авалтуудыг зогсоож чадалгүй 83-77 харьцаатай ялагдаж Герман улс түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын цомыг нутагтаа авч ирэхээр болсон байна. 

    Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг

    Тоглолтын шилдэг тоглогч бүр цаашлаад энэ дэлхийн аваргын үнэ цэнтэй тоглогчоор Деннис Шрөдер тодорлоо. Тэрээр тус тоглолтод 28 оноо авсан ба ойрхон үед эцсийн цохилтуудыг хийж байлаа. Тэмцээний туршид 19.1 оноо,   2 самбар, 6.1 оновчтой дамжуулалт дундажлаж Германы шигшээ хожигдол амсалгүйгээр уг тэмцээнийг 100 хувийн амжилттай дуусгасан байна. 

    Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг

    ДАШТ-ны бэлгэдлийн таван тоглогчоор:

    Деннис Шрөдер-Герман

    Богдан Богданович-Серби

    Шай Гилжис-Александр-Канад

    Энтони Эдвардс-АНУ

    Лука Дончич-Словени   нар багтсан байна. 

    Цоо шинэ Дэлхийн аварга Герман улсын шигшээ баг