MSports logo
"Ханжоу-2022" Азийн пара наадмын хоёр дахь өдөр буюу 10.23-ны Монголын баг, тамирчдын тоглолтын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 23

  • "Ханжоу-2022" Азийн пара наадмын хоёр дахь өдөр буюу 10.23-ны Монголын баг, тамирчдын тоглолтын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна

    Азийн дөрөв дэх удаагийн паралимп БНХАУ-ын Ханжоу хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас 14 төрөлд 68 тамирчин өрсөлдөхөд бэлэн болж түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өнөөдөр манай тамирчдын анхны медалийг Таеквондогийн төрөлд У.Сүрэнжав хүртэж медалийн салхийг хагалаад байна. Түүний болон өнөөдөр өрсөлдсөн бусад тамирчдын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна. 

    1.   Бадминтоны тэмцээнд оролцсон Г.Соронзонболд Сири улсын тамирчинтай өрсөлдөж 2-0 харьцаатай ялагдал хүлээлээ. Тус төрлийн эмэгтэйчүүдийн төрөлд М.Мөнхзул Камбож улсын тамирчинтай тоглож мөн 2-0 харьцаатай ялагдсан байна. 

    2.    Боччиа төрлийн тэмцээн 10:00 цагаас эхэлсэн ба Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож буй Х. Ирмүүн Индонез улсын тамирчинд /0:12/, Малайзын тамирчинд /2:3/ харьцаатай ялагдсан бол Т.Мөнхдэмбэрэл Тайван /0:11/, Индонез /1:6/-ийн харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Х.Ирмүүн бочигийн В, С-2 ангилалд дэлхийн чансааны 49 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа ба Т.Мөнхдэмбэрэлийн хувьд Азийн наадамд анх удаа оролцож буй бөгөөд нэг сетийн тоглолтоос хожил авснаар дэлхийн чансаанд анх удаа бичигдэхээр болсон байна. 

    "Ханжоу-2022" Азийн пара наадмын хоёр дахь өдөр буюу 10.23-ны Монголын баг, тамирчдын тоглолтын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна

    3. Жудо бөхийн өрсөлдөөн 11:00 цагаас эхэлж Б.Бат-Эрдэнэ Тайландын тамирчинд, Б.Сүхбат Узбекстаны тамирчинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ эхний тойрогтоо Узбекстаны тамирчинд ялагдсан ч дагах барилдаанд Киргизстаны тамирчинг ялж хүрэл медалийн төлөө Индонез улсын тамирчинтай барилдсан ч харамсалтай нь Вазари үнэлгээгээр ялагдлаа.

    4. Өнөөдрийн тэмцээнд анхны медаль буюу мөнгөн медалийг таеквондогийн эмэгтэйчүүдийн 54кг-ын жинд өрсөлдсөн У.Сүрэнжав хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Ираны тамирчинг 20:12 харьцаатай ялалт байгуулж финалд шалгарсан ба Алтан медалийн төлөө зохион байгуулагч БНХАУ-ын тамирчин Шао Шиантай тулалдаж эцсийн мөчид 9:10 харьцаатай ялагдал хүлээж мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэрээр энэ сарын 10-нд БНХАУ-ын Тайюун хотод зохиогдсон пара таеквондогийн дэлхийн гран при тэмцээнд Алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг өндөрт өргөөд байсан билээ.

    "Ханжоу-2022" Азийн пара наадмын хоёр дахь өдөр буюу 10.23-ны Монголын баг, тамирчдын тоглолтын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна

    5. 10:50 цагаас ширээний теннисний төрөлд Б.Мөнгөнзул БНСУ-ын тамирчинтай гурван сэт өрсөлдөж ялагдсан 0:3 харьцаатай ялагдсан бол 17:50 цагаас тоглосон П.Мягмарцогт Иракийн тамирчинд мөн 0:3 харьцаатай ялагдлаа. 

    6.  Волейболын төрөлд Монголын эмэгтэй баг Японы волейболчидтой гурван үе тоглож, хожигдол хүлээлээ. Дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор Монголын багийн гарааны бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор нар тоглосон бөгөөд тэдний дараагийн учраа нь Ираны баг байх юм.

    "Ханжоу-2022" Азийн пара наадмын хоёр дахь өдөр буюу 10.23-ны Монголын баг, тамирчдын тоглолтын амжилт, үр дүнгүүдийг хүргэж байна