Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож буй легионер тоглогчдыг цувралаар хүргэж байна. Энэ удаа 2023-2024 оны улиралд IHC APES багт нэгдсэн Энтони Смитыг онцолж байна. Энтони Луис Смит 1997 оны 3-р сарын 16-нд Майкл Смит, Мэрия Хэмби нарын гэр бүлд төржээ. АНУ-ын Мэриланд мужийн Суйтлэнд хотод мэндэлсэн ба ахлах сургуулиа тус хотын Потомак сургуулийг дүүргэжээ. Багаасаа сургуулийнхаа шигшээ багт дуудагдаж, 2013-2014 оны улиралд Мэрилэнд 2А мужийн аварга цол хүртэхэд тусалсан байна. Тус улиралд баг нь 23-5 амжилттайгаар бүсээ тэргүүлж байжээ. Харамсалтай нь 12-р сард Фрэндли ах сургуультай тоглосон тоглолтод цагигаран дээрээс довтлохоор оролдох үедээ гэмтэж хажуугийн шөрмөсөө тасалжээ.
Үндэсний Дээд Лигийн "IHC APES" багийн тоглогч Энтони Смит
12 сарын 14
Өдгөө 201 см өндөртэй, 102 кг жинтэй хүчний довтлогчийн байрлалд тоглодог залуу маань 2015 онд Бартоны их сургуульд элсэж хоёр жилийг тус багийн өмсгөлтэй тоглосон байна. Улирлын 33 тоглолтод бүгдэд нь оролцож нэг тоглолтод 12,7 оноо, 8,3 самбараас бөмбөг авсан ба будагтай талбайгаас 61 хувьтай довтолж, багийнхаа шилдэг тоглогчдын нэгээр бичигдэж байв. Тухайн үед Праттын их сургуулийн багийг хожсон тоглолтод 32 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 2017 оны Үндэсний аварга Хатчинсоны эсрэг 21 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь түүний карьерын дээд амжилт болжээ. Иймдээ ч тухайн жилдээ “Бүх Канзас Жэйхоук” олон нийтийн коллежуудын нэгдүгээр багт нэрлэгдэж, баг нь NJCAA-ын бүх бүсийн 6 шилдэг багийн нэгээр сонгогдсон байна.
Энтони Смит 2017 оны дөрөвдүгээр сард Мюррей Стэйт сургуульд гуравдугаар курсээсээ элсэн орж, тус сургуулийн Рэйсерс багт хүчин зүтгэсэн эхний тоглолтын 20 минутын дотор 4-4 амжилттай довтолж бүсийнхээ SIU-багийн эсрэг томоохон тоглолт хийв. Тус улирлын хамгийн өндөр оноо авсан тоглолт нь Өмнөд Иллинойсын эсрэг 14 оноо авсан тоглолт болсон байна.
2018-2019 оны улиралд Улирлын нээлтийн тоглолтод Райт Стэйттэй хийсэн тоглолтод тэрээр 10 самбар, 4 оноогоор багтаа тус хүргэв. Рэйсерс багийн шилдэг самбараас бөмбөг авалт болсон тэрбээр таван тоглолтод 16 удаа довтолгооны самбар авсан нь улсынхаа шилдэг 10 тоглогчийн нэгт бичигдэхэд хүргэв. Мөн нэг тоглолтод 7.6 оноо авсан байна. Харамсалтай нь улирлын төгсгөлд шагайндаа бэртэл авч, сүүлийн жил нь хэрхэн өрнөхийг таашгүй байв. Гэмтлийн улмаас өнжсөний дараа шинэ улиралдаа амжилттай эргэн ирж Рэйсерсийн төлөөх 32 тоглолт хийхдээ нэг тоглолтод 6,6 оноо авч, багийнхаа шилдэг самбарын тоглогч байж нэг тоглолтод 7,5 самбар, нийт 84 довтолгооны самбар авсан нь багийн шилдэг үзүүлэлт байлаа.
2020 онд их сургуулиа төгссөний дараа НБА-ын драфтад нэрээ өгсөн ч харамсалтай нь сонгогдож чадаагүй байна. Иймд мэргэжлийн замналаа өөр улсаас эхлэхээр шийдэж 2020 оны 9-р сарын 17-нд Сербийн сагсан бөмбөгийн дээд лигийн Борац Чачактай анхны мэргэжлийн гэрээгээ үзэглэжээ. Тус улиралд Смит нэг тоглолтод 6,9 оноо, 3,8 самбар дундчилсан байна. Дараа жил нь 2021 оны 8-р сарын 15-нд Португалын дээд лигийн Иммортал Сагсанбөмбөгийн клубтэй нэгдсэн ч тоглосонгүй.
2022-2023 оны улиралд Франц улсыг зорьж тус улсын Үндэсний дээд лигийн Чартрерс багтай 18 тоглолтод оролцохдоо 16 оноо, 6 самбар дунджилж 62.1 хувьтай довтолж байсан байна.
Монголд ирэхээс өмнөх хамгийн сүүлийн зогсоол нь Мексик улс байсан бөгөөд тус улсын ЧИБАСОПА лигийн Гуаямас багт нэгдэж бүтэн улирал буюу 28 тоглолтод оролцохдоо 17.8 оноог 57.2 хувийн довтолгоогоор дунджилж, 7.3 самбар, 1.1 бөмбөг таслалтыг 32.5 минут тоглохдоо дунджилж байсан байна.
Дефенс Спортс агентлагийн тамирчин, өдгөө 26 настай Энтони Смит таван улсад мэргэжлийн замналаа өнгөрөөсний дараа Монголын Үндэсний дээд лигийн IHC Apes багт нэгдэж 2023-2024 оны улирлын тоглолтод оролцон 19.9 оноо дунджилж байгаа ба баг нь 11-2 амжилттайгаар хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
Түүний сошиал хаягууд:
Твиттер: YourFavBaller
Инстаграм: /yourfavballer24/