MSports logo
Шведийн хоёр хөгжөөн дэмжигчийг хөнөөсөн этгээд Тунисын шоронгоос оргосон нэгэн байжээ
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 24

  • Шведийн хоёр хөгжөөн дэмжигчийг хөнөөсөн этгээд Тунисын шоронгоос оргосон нэгэн байжээ

    Өнгөрсөн даваа гарагт Брюссельд Шведийн хөлбөмбөгийн хоёр хөгжөөн дэмжигчийг буудаж хөнөөсөн этгээд Тунисын шоронгоос оргожээ. Бельгийн прокуроруудын мэдээлснээр Абдесалем Лассуед 2005 онд хүн амины хэрэг үйлдсэн гэх мэт хэргээр 26 жилийн хорих ял авсан нэгэн байжээ.  Тэрбээр 2011 онд оргон зайлж, жижиг завинд сууж, Италийн Лампедуза аралд хууль бусаар ирсэн байна. Гэмт хэрэгтэн эцэст нь Бельги рүү нүүж, орогнол хүсчээ. Мэдээж түүний хүсэлтээс Бельги татгалзсан байна.  Тунисын эрх баригчид 2022 оны 8-р сард Лассуедыг эх орондоо буцаан өгөхийг Бельги улсаас хүссэн. Бельгийн албаныхан шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авсан ч хүлээлгэж өгч чадаагүй аж. Бельгийн Хууль зүйн сайд Винсент Ван Кукикенборн өнгөрсөн баасан гаригт албан тушаалаасаа огцорсон бөгөөд тэрбээр болсон явдлыг муу үр дагавартай, хүлээн зөвшөөрөгдөөгүй алдаа гэж нэрлэсэн юм. 10-р сарын 16-ны Даваа гарагийн орой Брюссель хотын төвд Тунисын иргэн 45 настай Лассуед гэх эр өнгөрч буй хүмүүс рүү автомат буугаар буудаж эхэлсэн юм. Дараа нь тэрбээр орон сууцны байшингийн коридорт хүмүүсийг хөөж, Шведийн хөлбөмбөгийн хоёр хөгжөөн дэмжигчийг буудаж хөнөөж, гурав дахь хүнийг шархдуулсан байна. Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээсэн байна. Мягмар гарагийн өглөө буутай этгээдийг Брюсселийн хойд хэсэгт орших Шеербек дэх гэрийнх нь ойролцоох кафед эрэн сурвалжилж байгаад олжээ. Улмаар түүнийг цагдаа нар буудан хөнөөсөн юм. "Би хохирогчид болон тэдний ойр дотны хүмүүсээс уучлалт гуйхыг чин сэтгэлээсээ хүсч байна" гэж Бельгийн Хууль зүйн сайд Винсент агсан ноён Ван Куикенборн огцрох өргөдлөө өгөх үеэрээ хэлжээ "Би ямар ч шалтаг хайхгүй байна. Энэ хүлээн зөвшөөрөгдөөгүй алдааны төлөө улс төрийн хариуцлага хүлээхийг хүсч байна" гэжээ.

    Брюсселийн прокурор Тим Де Вольф түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг биелүүлээгүйд албан тушаалдаа дутуу ажилласан гэж мөн буруутгагджээ.  Тэрбээр шилжүүлэн өгөх хэргийн материалыг өнгөрсөн оны есдүгээр сард хүлээн авсан бөгөөд хавтаст хэргийн шүүгээнд мартагдсан байх магадлалтай гэжээ.  "Оролцсон хамтран ажиллагсдын хэн нь ч жилийн өмнө энэ тодорхой файл юу болсныг санахгүй байна. Үүнийг зохицуулсан ул мөр байхгүй" гэж тэрбээр хэлжээ. Прокурор Лассуедыг яагаад шоронд хорьсон талаар дурдаагүй ч Бельгийн хэвлэлүүд түүнийг хоёр удаа хүн алах гэж оролдсон хэргээр шоронд хорьсон гэж мэдээлж байна. Халдлага үйлдэгч Норвеги, Швед, Бельги, Италид орогнол хүссэн өргөдөл гаргаж байжээ. 2016 онд Италийн тагнуулын алба түүнийг радикал үзэлтэй нэгэн болохыг тогтоож, хяналт тавьж эхэлсэн байна. Мөн Лассуед хар тамхины хэргээр Шведэд хоёр жилийн хорих ял эдэлж байсан нь тогтоогджээ. Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 100 грамм кокаин хадгалж байгаад Мальмо хотод баривчилж байсан зэрэг удаа дараа гэмт хэрэгтэй холбогдсон нэгэн байсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.