MSports logo
ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААТАЙГААР КАТАРТ ДАШТ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 20

  • ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААТАЙГААР КАТАРТ ДАШТ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

    Арабын хойгт 30 минут үргэлжилсэн нээлтийн ёслол дэлхийн өнцөг булан бүрт олон мянган үзэгч, олон тэрбумыг үзсэн хүмүүсийг гайхшрууллаа. Академийн шагналт жүжигчин Морган Фриман нээлтийн ёслолд  гарч ирсэн нь оргил үе болсон юм. 85 настай нэрт жүжигчин дэлхийн аваргаар бүгдийг холбодог сэтгэл хөдлөл, уур амьсгалыг өгүүлсэн юм. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нээлтийн ажиллагаанд онцолж, хүн төрөлхтний эв нэгдэл, хүмүүнлэгийн бэлэгдлийг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолоор онцолсон нь олон хүний сэтгэлд тод мөрөө үлдээв.

    Мөн Солонгосын BTS хамтлагийн Жунгкук тайзнаа гарч ирж, тоглосон уг ёслол нь Катарын соёл, өв уламжлалыг харуулсан бөгөөд хөлбөмбөг өөр өөр улс орон, соёлын хүмүүсийг нэгтгэх чадварыг онцолсон нээлтийн ажиллагаа болов. Ёслолд Катараас Ганим Аль Муфтах, Дана, Фахад Аль Кубаиси зэрэг олон тооны тусгай зочид оролцсон бөгөөд тэдэнтэй олон зуун жүжигчид, тэмцээний сайн дурынхан нэгдсэн байлаа.

     
    Ёслолын арга хэмжээ найман хэсгээс бүрдсэн бөгөөд оролцогч 32 улсын өмсгөл, хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх сахиус маскотуудыг толилуулж, тэр дундаа Катар 2022 дэлхийн аваргын маскот болох La'eeb-ийг асар том хийлсэн байдлаар гаргаж ирсэн. La'eeb гэдэг нь араб үг бөгөөд хамгийн чадварлаг тоглогч гэсэн утгатай. Баяр баясгалантай, орчин үеийн цорын ганц, нэгдмэл чухал мессежийг агуулсан энэхүү ёслолын ажиллагааг Katara Studios-ийн Гүйцэтгэх Уран сайхны захирал Ахмед Аль Бейкер, Бүтээлч захирал Марко Балич, Уран сайхны удирдагчийн дэмжлэгтэйгээр бэлтгэн хүргэсэн байна.

    2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын дараа уламжлал ёсоор зохион байгуулагч орон эхний тоглолтонд оролцсон. Ал-Байт цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний нээлтийн тоглолтод Эквадор талбайн эзэн Катарын эсрэг ялалт байгуулав. “А” хэсгийн эхний тоглолтод 67,372 хүн ирсэн бөгөөд Эннер Валенсиагийн гоолын ачаар Эквадор улсын шигшээ баг 2:0-ээр хожлоо. Энэхүү тоглолт нь 29 хоног үргэлжилсэн хөлбөмбөгийн сонирхолтой наадам эхэлснийг илтгэсэн, салхийг хагалсан онцлох тоглолт боллоо. Түүхэндээ эзэн орны шигшээ баг нээлтийн тоглолтонд хожигддоггүй цуврал Катарт цэг тавигдаж, Катарчууд тэмцээнийг сайнгүй эхлүүллээ. Азийн аварга багийн хувьд цаашдын тоглолт, учраа улам бүр хүндхэн болно. ДАШТ 12-р сарын 18-нд Лусаил цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтоор өндөрлөнө. Тоглолтууд орчин үеийн 8 цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн аваргын төлөө 32 улс 64 тоглолтыг хийн өрсөлдөж байна. 

    Н.Бэлгүүн