Өнөөдөр шөнө Францын Ла Конкорд хотын цэцэрлэгт хүрээлэнд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн медалийн төлөөх өрсөлдөөн ширүүхэн болж өндөрлөлөө. 2021 оны Токиогийн олимпоос эхлэн олимпын наадамд шинээр нэмэгдсэн сагсан бөмбөгийн 3х3 төрөл олон зуун үзэгчид дунд олны анхаарал дунд өрнөв. Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтод Нидерланд Литвыг 20:9 харьцаатай бут ниргэсэн бол Олимпын эрхийн өрсөлдөөнд манайхтай учраа таарч эцсийн мөчид хожил авсан Францын шигшээ 21:14-өөр өнгөрсөн олимпын аварга Латвийг хожиж, Ла Конкорд цэцэрлэгт хүрээлэнг доргиолоо. Ийнхүү Франц, Нидерландын багууд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол Латви, Литва нар хүрэл медалийн тулаанд тунаж үлдэв.
Миезис Наурисаар ахлуулсан өнгөрсөн олимпын аваргууд алтан медалиас мултарсан ч тэд медальгүй харихыг хүссэнгүй. Гэвч Вингелис Сарунасаар ахлуулсан Литвачууд тэдэнд боломж олгосонгүй. Вингелис алсын зайнаас гурван удаа оновчтой довтолж, тэргүүллээ алдалгүй явсаар үндсэн цагт 21:18 харьцаатай ялалт байгуулан Литвын шигшээ багийн хүрэл медалийн тоог ахиуллаа.