MSports logo
Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 4

  • Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадам эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. “Парис-2024” олимпын наадамд манай улсаас 32 тамирчин оролцохоор сонгогдсон. Жүдо бөхийн төрөлд хамгийн олон буюу 10 тамирчид оролцох бол Чөлөөт бөхийн төрөлд нийт 9 тамирчин оролцоно. Харин үлдсэн 14 тамирчид Буудлага /3/, Байт Харваа /1/, Бокс /2/, Дугуй /1/, Марафон /3/, Хүндийн өргөлт /1/, Усанд сэлэлт /2/ гэсэн долоон төрөлд өрсөлдөх эрхээ авсан билээ. Өмнөх цувралдаа бид Жүдо болон Чөлөөт бөхийн тамирчид хэрхэн эрх авсан болон дэлхийн чансааг танилцуулсан бол энэ удаа үлдсэн 14 тамирчид хэрхэн эрх авсан болон ямар амжилт үзүүлж байсан талаар онцолж байна. 

    БУУДЛАГА: Оюунбат Есүгэн

    Нас: 25

    Дэлхийн чансаа: 50м урт бууны дасгал 3 байдлаас буудах дасгал-14 

    10м хийн урт бууны дасгал-62 

    2019 онд Дохад болсон Азийн аваргын мөнгөн медаль Өнгөрсөн жилийн 8-р сард Азербайжан улсын Баку хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 587 оноогоор 11 дүгээр байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр өгсөн олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм. Өнгөрсөн Токиогийн олимпод 50м-ын төрөлдөө 1158 оноо цуглуулж 27-р байрт шалгарч байсан ба ийнхүү хоёр дахь олимподоо оролцох гэж байна. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    БУУДЛАГА: Энхтайвангийн Даваахүү

    Нас: 35

    Дэлхийн чансаа: 25м хурдан гар бууны төрөлд-28

    10м хийн гар буу – 31

    2022 оны Дэлхийн аваргад холимог багийн төрөлд Мөнгөн медаль 2024 оны Азийн аваргын Хүрэл медаль /10м/ 2024 оны Азийн аваргын Мөнгөн медаль /25м/ Энэ оны нэгдүгээр сард Индонези улсын Жакарта хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 10м хийн гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр Парисын олимпод оролцох эрхтэй болсон. Тэрбээр эхний шатанд нийлбэр дүнгээр 579 оноотойгоор 7-р байранд шалгарсан бол финалын шатанд 217.2 оноо аван гуравдугаар байр эзэлсэн билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    БУУДЛАГА: Н.Баяраа

    Нас: 32

    Дэлхийн чансаа: 10м хийн урт бууны бууны дасгал – 65 50м гурван байрлалын урт бууны дасгал – 66

    Энэ оны нэгдүгээр сард Индонези улсын нийслэл Жакарта хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 50м-ын гурван байрлалын урт бууны дасгалд шигшээ шатанд шалгарснаар Парис-2024 олимпод оролцох эрхээ авсан юм. Түүний хувьд өмнө нь Лондон-2012 олимпод оролцож байсан удаатай. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    БАЙТ ХАРВАА: Баатархуягийн Отгонболд

    Нас: 28

    Дэлхийн чансаа: 50

    2023 оны Ханжоугийн Азийн наадмаас Б.Отгонболд байт харвааны төрлөөр анх удаа Алтан медаль эх орондоо авчирч түүх бүтээсэн. Тус тэмцээний финалын шатанд эзэн орны тамирчин Жи Шиан Шоуг 6-2 харьцаатай ялснаар Азийн наадмын Алтан медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авсан билээ. Өмнө нь Токиогийн олимпод оролцож байсан тэрбээр ганцаарчилсан төрөлд 33-р байр, багийн төрлөөр 27-р байрт орж байсан юм.

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    БОКС: Оюунцэцэг Есүгэн /-50кг/

    Нас: 23

    Парис 2024 олимпын наадмын боксын төрөлд хоёр эрх аваад байгаагийн нэг нь О.Есүгэн. 2023 оны Ханжоугийн Азийн наадмын боксын төрөлд -50кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр Тэрээр эхний шатанд Филиппиний тамирчин Villegas Aira-г 3-1 харьцаагаар, 2-р шатанд Бангладешийн тамирчин Fredous Zinnat-г 5-0 харьцаагаар, шөвгийн наймд Казакстан улсын тамирчин Kyzaibay Nazym-ийг 4-0 харьцаагаар буулган авч тус тэмцээний хүрэл медалийн болзол хангасан юм. Ийнхүү тэрбээр медальт байранд шалгарснаар Боксын төрөлд олимпын анхны эрхийг авсан билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    БОКС: Мөнгөнцэцэг Энхжаргал /-54 кг/

    Нас: 25

    Дэлхийн чансаа: 20

    Энэ зун Тайландад болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээнд -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал Венесуэлийн тамирчин Йохана Гомезыг ялж "Парис 2024" зуны олимпод оролцох эрхээ авсан билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    ДУГУЙ: Сайнбаярын Жамбалжамц

    Нас: 27

    Дэлхийн чансаа: 186

    Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт

    “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт /тус спортын төрлийн анхны медаль/

    Түүний олимпын 2023 оны 10-р сард албан ёсоор баталгаажсан. Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан ба манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болсон билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    ДУГУЙ: Батсайханы Тэгшбаяр

    Нас: 26

    Дэлхийн чансаа: 410

    2016 Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга

    2023 “Tour of Thailand” тэмцээний аварга

    2024 оны тавдугаар сард Узбекистан улсад зохиогдсон “Tour of Bostonlig” UCI олон өдрийн тэмцээний “Ганцаарчилсан” гараатай 30 км-ийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, дугуйн спортын төрөлд хоёр дахь олимпын эрхийг эх орондоо авчирсан билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    МАРАФОН: Галбадрах Хишигсайхан

    Нас: 33

    Дэлхийн Чансаа: 145

    2024 оны Ази тивийн аварга

    Энэ оны гуравдугаар сард дэлхийн зургаан том марафоны нэг "Токио Марафон"-д Г.Хишигсайхан 2:26:32 секундээр барианд орсноор наймдугаар байрт бичигдэж Монголын марафончдоос "Парис 2024" олимпын эрх авсан анхны тамирчин болсон юм.

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    МАРАФОН: Бат-Очирын Сэр-Од

    Нас: 42

    Дэлхийн чансаа: 224

    2028 оны Азийн Мөнгөн медаль

    2013 оны Азийн аварга

    2013 оны Зүүн Азийн мөнгөн медаль

    Өдгөө 42 настай МУГТ Бат-Очирын Сэр-Од Афин-2004, Бээжин- 2008, Лондон-2012, Рио-2016, Токио-2020 олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байсан бол 5-р сарын 26-нд болсон "Копенхагены марафон"-д 2:19:25 амжилттай гүйж, "Парис-2024" олимпын эрхээ авав. Ийнхүү тэрбээр зургаа дахь олимпын наадамдаа оролцож, хөнгөн атлетикийн түүхэнд тод мөрөө үлдээсээр байна. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    МАРАФОН: Баярцогтын Мөнхзаяа

    Нас: 30

    Дэлхийн чансаа: 110 

    Азийн аваргын Хүрэл медальт

    Энэ оны гуравдугаар сард “Сөүл марафон”-д Монголын тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар барианд орж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долоодугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа ийнхүү гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    ХҮНДИЙН ӨРГӨЛТ: Мөнхжанцангийн Анхцэцэг 

    Нас: 26

    2019 оны ААШТ-ий Мөнгөн медаль

    2016, 2022 оны ААШТ-ий Алтан медаль

    2021 оны Дэлхийн Аварага

    2022 оны ДАШТ-ий Мөнгөн медаль

    Энэ оны тавдугаар сард МУГТ М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд оролцох болзол хангасан.

    Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. М.Анхцэцэг анх “Рио-2016” Олимпод өрсөлдөхдөө наймдугаар байрт шалгарсан бол “Токио-2020”-д дөрөвдүгээр байр эзэлж байсан удаатай. Парисын наадам түүний оролцох гэж буй гурав дахь удаагийн олимп болж байна.

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид

    УСАНД СЭЛЭЛТ: Батбаярын Энххүслэн, Энхтамир

    Нас: 23, 22

    Усан сэлэлтийн спортын манай улсын шилдэг залуу тамирчид болох ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар Парисын наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх эрхээ саяхан буюу 6-р сарын 25-нд авсан. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад Олимпын хоёр эрх олгосон ба энэхүү хоёр эрхээр олимпод оролцох тамирчдаар Б.Энхтамир болон эгч Б.Энххүслэн нар тодорсон юм. Монголын усан сэлэлтийн холбооноос хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгосон байна. Эгч Б.Энххүслэн нь чансаагаараа жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү эгч дүүс хамтдаа Парисын наадмыг зорихоор боллоо. 

    Б.Энххүслэн нь 2023 оны Ханжоу Азийн наадамд 100м чөлөөт сэлэлтийн төрөлд эхний тойрогт 57:20 амжилттайгаар дөрөвдүгээр байр эзэлсэн ба Азийн наадмын финалд шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн юм. Мөн эгч дүүс Монголын усан спортын олон рекорд амжилтыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, шинэчилж яваа билээ. 

    Танилц: "Парис-2024" наадамд оролцох манай Үндэсний шигшээ багийн тамирчид