MSports logo
"Mongol Derby” уралдаан ирэх сарын 7-нд эхэлнэ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 4

  • "Mongol Derby” уралдаан ирэх сарын 7-нд эхэлнэ

    Монгол улсад 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй олон улсын томоохон морин уралдаан болох “Mongol Derby” наймдугаар сарын 7-нд эхэлнэ. Чингис хааны өртөө улаанаас санаа авч 1000 км замыг 40 км тутамд морио сэлгэн унаж туулдгаараа энэ уралдаан онцлог бөгөөд дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан гэдгээрээ алдартай.

    Энэ уралдааны оролцогчдыг дээд тал нь 85 кг хүртэл жинтэй, 185 см хүртэл өндөр, бие махбодын хөгжил сайн, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэг өндөр шаардлага тавьж шалгаруулдаг ажээ. Учир нь, тэд нийт 10 өдрийг монгол морины нуруун дээр өнгөрүүлэх юм. Дэлхийн моринд хорхойтой хүмүүсийг нэгэн дор цуглуулж, тэр хэрээрээ Монголын аялал жуулчлалд томоохон хувь нэмэр оруулдаг энэ тэмцээнд жил бүр 250 малчны 1500 адууг бэлтгэдэг байна.

     

    "Mongol Derby” уралдаан ирэх сарын 7-нд эхэлнэ

    Түүнчлэн 29 малчин өрх төслийн багийнхантай хамтран ажиллаж хоол унд, аюулгүй байдалд нь тусалдаг ажээ. Морь унах дуртай хүмүүсийн мөрөөдөл болсон энэ тэмцээнд оролцоход өндөр хураамж төлдөг бөгөөд түүнд нь даатгал, бэлтгэл сургуулилалт гэх зэрэг арван орчим хүчин зүйл багтдаг. Тухайлбал, ирэх жилийн уралдааны бүртгэлийн хураамж 17.500 доллар буюу 60 орчим сая төгрөг байгаа юм. Мөн 2025, 2026 онд болох "Mongol Derby" уралдааны хураамж үүнээс өндөр дүнтэй болохоор байна.