Эрдэнэт хотод төрж өссөн. Манай гэрийнхэн спортоор хичээллэж ирсэн хүмүүс, гэхдээ мэргэжлийн спортоор биш. Байнгын хөдөлгөөнтэй байх, эрүүл зөв амьдралын хэв маягтай байхыг гэр бүл маань дэмждэг учраас намайг анх спортоор хичээллүүлж эхэлсэн. Багадаа хөдөлгөөнтэй, юм юм сонирхдог, эцэг эхийнхээ чихийг халаадаг хүүхэд байсан даа.
Усан спортоор анх 2009 онд хичээллэж эхэлсэн. Манай аав, ээж Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийнхэн ажилчдаа чийрэгжүүлэх зорилгоор бассейнд үнэгүй хичээллүүлдэг, хүүхдүүд нь ч бас. Аавыгаа дагаж анх усан бассейнд очиж үзэхэд аав маань намайг сэлж сурах хэрэгтэй гээд гүнзгий хэсэг рүү нь аваад шидчихсэн. Яаж, ийж байгаад тэр үед уснаас амиа аварч гарч ирээд, усанд сэлж сурах хэрэгтэй юм байна аа гэж бодож, хичээллэх болсон. Эцэг, эхдээ сэлж харуулна аа, намайг яаж ч шидсэн сэлээд гарч чаддаг болно гэсэн зорилготойгоор хичээллэж эхэлсэн. Усан спорттой холбоотой хамгийн сайхан дурсамж бол 2011, 2012, 2013, 2014 онуудад эд дэлхийн аваргад оролцож байсан мөчүүд, С.Алтантуяа дасгалжуулагчтайгаа бэлтгэл сургуулилт хийж, гадагшаа тэмцээнд явж байсан үеүд маань эргээд харахад харахад хамгийн сайхан дурсамж болж үлдсэн байна.
Одоогоор “Weaquatics” клубт дасгалжуулагч хийж байгаа. Манай клуб нийт дөрвөн дасгалжуулагчтай, миний бие болон Баттулга дасгалжуулагч нар мэргэжлийн тамирчид, анхан шатны хүүхдүүдийн бэлтгэлийг хариуцаж байгаа. Оюутан байхдаа гадаадад сурсан, төгсөж ирээд тамирчин байхаа болиод дасгалжуулагч болсон. Хамгийн эхлээд Орчлон сургуульд багшилж эхэлсэн 2017 оноос. Одоо бол Weaquatics клубтээ багшлаад 30 гаруй тамирчинтай, 3 олон улсын хэмжээний мастер, 5 спортын мастер, 8 спортын дэд мастер тамирчидтай, бусад тамирчид маань 3, 2, 1-р зэрэгтэй.
Амьдралд баримталдаг зүйл гэх юм бол байгаадаа хангалуун байхыг хичээдэг. Ямар нэгэн зүйлд амбицилж, шунах дургүй. Урдхаа сайн хийх хэрэгтэй, болж өгвөл өөрийнхөө боломжийг давж хийх хэрэгтэй. Бусад юманд сэтгэл хангалуун байхыг хичээдэг. Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл амьдралын ухаан суулгаж өгсөн С.Алтантуяа багш маань мөн усанд сэлэлтийн суурийг тавьж өгсөн анхны багш Оюун-Эрдэнэ багш маань, төрсөн ах болон хамгийн дотнын хүн болох ээжээсээ үлгэрлэл авдаг даа.
Хэрвээ би супер хүчтэй болох байсан бол болдог бол өөрийгөө 3, 4, 5 боломж, хүрэлцээгээрээ хувилдаг болмоор байна. Тэгэх юм бол олон талд олон юм амжуулаад ажил төрлөө хийгээд явах нь гоё. Тэрнээс биш бодол унших, хурдан гүйх, алга болох гэх мэт супер хүчийг дэмий л гэж боддог доо.
Хамгийн дуртай хоол бол борцтой, банштай цай. Оюутан байхдаа л дуртай байсан. Яагаад гэвэл оюутан байхдаа Санкт-Петербург хотод сурч байсан. Тэнд өвөлдөө ихэвчлэн нар гардаггүй, зундаа ихэнхдээ бороо ордог бүрхэг газар. Их халаад байдаггүй. Монгол хүн чинь халуун юм идэх дуртай учраас дотроосоо халуунаа авах гэж банштай цай хийж иддэг байсан.
Одоогоор найз охин байхгүй. Эмэгтэй хүний татагддаг зан чанар бол эмэгтэй зангаа алдаагүй байдал. Өөрөө хийж чадах, чадахгүй байсан ч энийг хийгээд өгөөч гэж хэлж чаддаг. Эрэгтэй хүний дэргэд илүү flexible буюу илүү уян хатан, мэдрэмжтэйгээр юмыг харж чаддаг хүн таалагддаг. Хүний өмнө өөрийнхөөрөө гэхдээ бүдүүлэг биш орчноо мэдэрч чаддаг тийм эмэгтэй хүн таалагддаг даа.
Усан спортоор би 2009 оноос хичээллээд 2013 он хүртэл идэвхтэй хичээллэсэн. 2011, 2012, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон. Спортын мастер цолтой. 100 м араар даллах сэлэлт, 50 м-ийн араар даллах сэлэлтийн Монгол улсын рекордыг 2018 он хүртэл эзэмшсэн. Одоо бол 100х4 холимог төрөлд 50 метрийн бассейнд рекорд эзэмшиж байна. Дасгалжуулагч хийж байгаа болохоор сурч мэдэх зүйл их байна. Цаашид усанд сэлэлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээрээ гадаадад нарийвчилж сурах зорилготой. Хэтийн зорилго бол Монгол улсад усан спортыг хөгжүүлж, Ази, дэлхийн медальтнуудыг бэлдэхийг хүсдэг. Усан спорт бол хамгийн цэвэрхэн спорт. Тамирчдын биеийг өв тэгш хөгжүүлнэ. Энэ спортоор манай Монголын иргэд тамирчин хэмжээнд сэлэхгүй юмаа гэхэд наад зах нь амиа аврах хэмжээний сэлж чаддаг болоосой гэж хүсдэг.
Хамгийн их айдаг юм бол хүний том итгэл авах, том итгэлийг алдах аймар санагддаг. Хүнээс илүү амлалт авч, итгэл найдвар өгөх, найдах зэрэг тиймэрхүү зүйлээс айдастай. Дургүйцдэг зүйл бол өөрөө юманд хоцрох дургүй, бусад хүн хоцрох нарийн асуудлыг мэдэхгүй учраас зүгээр. Харин өөрөө хоцрох дургүй. Харилцааны доголдолтой хүмүүст шүүмжлэлтэй ханддаг.
Би өөрийгөө интроверт хүн гэж боддог. Сэтгэлээр унасан үед эерэг бодолтойгоор гэрээ цэвэрлэж сэргэдэг. Эсвэл нам унтдаг. Унтаад босоод ирэхээр сэргээд босдог. Нэг бол усанд ордог, душанд зогсох юм уу эсвэл бассейнд орох дуртай.