MSports logo
ЗУУНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН ПЕЛЕ ХОРТ ХАВДРЫН УЛМААС 82 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСӨВ
  • А
    Админ

    12 сарын 29

  • ЗУУНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН ПЕЛЕ ХОРТ ХАВДРЫН УЛМААС 82 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСӨВ

    Хөлбөмбөгийн ДАШТ-д гурван удаа түрүүлсэн Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле 82 насандаа таалал төгслөө. Тэрээр удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Бүтэн нэр нь Эдсон Арантес до Насименто хэмээх довтлогчийн хувьд 1958, 1962, 1970 онд хөлбөмбөгийн хамгийн том шагналыг хүртэж байсан. Пеле амьсгалын замын халдварын улмаас арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш Сан Паулогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард илэрсэн бүдүүн гэдэсний хорт хавдрын химийн эмчилгээг дахин хийлгэх болсон. Түүний өнгөрсөн жил бүдүүн гэдэснийх нь хавдрыг авчээ. Пеле Бразилийн шигшээ багийн төлөө 92 тоглолтод оролцож 77 гоол оруулсан нь түүнийг тус улсын эрэгтэй шигшээ багийн мэргэн бууч болгосон. 1999 онд Олон улсын олимпийн хорооны Зууны шилдэг тамирчнаар шалгарсан бол 2016 онд төрөлх Сантос хотод нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Олимпийн одонг гардуулсан юм. Бах ОУОХ-ны сошиал медиа хуудсанд нийтэлсэн захидалдаа "Пелег нас барснаар дэлхий даяараа спортын гайхамшигт шүтээнээ алдсан гэсэн юм. Томас Бах хэлэхдээ "Тэр олимпийн үнэт зүйлд үнэнч итгэдэг, Олимпийн дөлийг бардам тээгч байсан. Түүнд Олимпийн одон гардуулах завшаан надад тохиож байлаа." гэжээ.

    Пеле 1958 онд Бразилын шигшээ баг Шведийн багийг 5:2-оор хожсон үед 17 настайдаа хоёр гоол хийснээр ДАШТ-ий финалд гоол оруулсан хамгийн залуу тоглогч хэвээр байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр түний биеийн байдал хүндхэн байгаа, эмчилгээ цаашид байхгүй гэсэн мэдээлэл тархсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс түүнд хүндэтгэл үзүүлсэн.  ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино "Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн хувьд энэ бол бидний хэзээ ч ирэхийг хүсээгүй өдөр. Пелег алдсан өдөр. Пеле соронзон мэт байсан. Түүний амьдрал хөлбөмбөгтэй тэр чигтээ асар ихээр холбоотой байсан. Тэр Бразил, Өмнөд Америк болон дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийн ойлголтыг илүү сайн болгон өөрчилсөн. Түүний өвийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Түүний гэр бүл, найз нөхөд, Бразил болон түүнд маш их хайртай хөлбөмбөг сонирхогчдод чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр бид бүгдээрээ хайрт Пелегийн бие махбодийг алдсанд гашуудаж байна, гэхдээ тэр эрт дээр үеэс үхэшгүй домогт байдалд хүрсэн тул бидэнтэй үүрд хамт байх болно." гэв.

     Бразилийн засгийн газар Пелег "бидний амьдралын амьд домог" гэж тодорхойлжээ. Засгийн газрын албан ёсны твиттер хуудсанд "Хөлбөмбөгийн төгс байдал. Хаан Пеле бидний эх оронтойгоо бараг ижил утгатай шүтээн байсан" гэж бичжээ. "Түүний суу алдараар мөнхөрсөн 10 дугаартай баатарлаг өмсгөл нь түүнийг талбайн гаднах ноёнтон, түүн дээрх ид шидтэн гэдгийг дараа үеийнхэн дурсан санах болно." гэсэн байна. 

     

    Н.Бэлгүүн