MSports logo
Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 2

  • Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ

    3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Онолбаатарын Хулан Монгол улсын Гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсан сэтгэгдлээсээ:

    "Хэзээ нэг өдөр Монгол ард түмнээ баярлуулахыг хүсдэг байсан. Үргэлж дэмждэг гэдгийг нь мэддэг болохоор хариуг нь яаж өгөх вэ гэсэн тэр мөрөөдлийг тээж энэ олон жил шаргуу хөдөлмөрлөлөө. Хөдөлмөрийн үр дүн гардаг юм байна. Бид залуу баг. Энэ их хайр хүндлэлийг хөдөлмөрөөрөө хариу барихыг хичээнэ. Энэ хайрыг дааж амьдрахын тулд илүү "хамбл" байх ёстой юм байна. Та бүхний энэ их хайрыг мэдэрч байгаа шүү. Маш их баярлалаа. Монгол улс мандан бадраг.

    Бас нэгэн юмыг хэлэхэд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням ах нарынхаа өмнө түрүүлээд Гавьяат тамирчин авч байгаад сандарч байна. Удахгүй ах нартайгаа хамт Гавьяатын найраа хийнэ гэдэгт итгэлтэй байна. "

    Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ

    3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий Мөнгөн медальт Бат-Эрдэнийн Ариунцэцэг Монгол улсын Гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсан талаараа:

    "Одоо хүртэл итгэхгүй байна. Анх энэ мэдээг ээж минь сонсоод хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан. Гэр бүлтэйгээ хамт энэ шаналыг мэдэрч, хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Бид мэдээж залуу баг. Олон зорилго бий. Хамгийн ойрын зорилго гэвэл ирэх жилийн ДАШТ-д медалийн өнгөө хувиргаад аваргын алтан медаль, цом авахыг хүсч байна. Хамгийн том зорилго бол мэдээж Олимпын наадамд амжилт үзүүлэх. Хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд шантрах зүйл олон тохиолдоно. Тэр болгонд бүү бууж өгөөрэй. Өдөр болгон хөдөлмөрлөж чадвал амжилт хэзээ нэгэн цагт ирнэ шүү гэж хэлмээр байна."

    Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ

    3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Мөнхсайханы Цэрэнлхам Монгол улсын Гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсны дараахан:

    "Нулимсаа тэвчих гэж их хичээлээ. Амьдралаа мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг өнөөдөр авлаа. Стив Сир дасгалжуулагчийн хувьд намайг гэлтгүй багийг маш сайн чиглүүлж, сэтгэл зүйтэй тулж ажиллаж чадсан. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа. Энэ жилийн ДАШТ-д оролцохын тулд маш их бэлтгэл сургуулилт, жилүүдийг зарцуулсан. Бэртэл гэмтэл их авсан, түүнтэйгээ ч сайн тэмцсэн. Дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа. Монголын ард түмэндээ маш их талархлаа. Та нарынхаа дэмжлэгтэйгээр энэ амжилтад хүрч чадсан шүү."

    Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ

    3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Нямжавын Нандинхүсэл Монгол улсын Гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсан сэтгэгдлээсээ:

    "Төрийн шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж мөрөөддөг байсан. Үүндээ хүрсэндээ итгэж чадахгүй байна. Энэхүү медаль маань миний хувьд хамгийн анхны олон улсын медаль байлаа. Үүнийгээ дагаад Монголын анхны Гавьяат тамирчин болсондоо итгэж, эвлэрч чадахгүй байна. Сэтгэл маш хангалуун байна. Миний хувийн мөрөөдөл АНУ-ын NCAA-ийн дивизон 1-т тоглох. Энэ зун Флоридагийн их сургуульд суралцах урилга тэр сургуульдаа суралцахаар болсон."

    Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ

    Монголын 3х3 Сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагч, Канад улсын иргэн Стив Сир-ийг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

    Дэлхийг алмайруулсан Монгол охид 3х3 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ цол хослуулан хүртлээ